Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц Ням гаригийн өглөө /2019.03.10/ 149 зорчигч, нисэх багийн найман гишүүнтэй зорчиж яваад осолдсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Харамсалтай нь орон нутгийн цагаар өглөөний 08:38 цагт Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу нисч байгаад осолдсон уг онгоцноос нэг ч хүн амьд үлдээгүй талаар BBC агентлаг мэдээллээ.
Хөөрөөд ердөө зургаан минутын дараа буюу 8:44 цагт холбоо тасарч эхэлсэн ба холбоо тасрахаас өмнө нисгэгч онгоцонд асуудал үүслээ, тиймээс буцах шаардлагатай байна хэмээн хэлж амжжээ. Нислэгийг удирдаж байсан онгоцны ахмад Яред Гетачев нь 8,000 цагийг агаарт өнгөрүүлсэн маш туршлагатай нисгэгчдийн нэг байжээ. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байгаа бөгөөд “Boeing” онгоц үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдийн шинжээчдийн багийг илгээжээ.
Онгоц унахдаа хүчтэй гал авалцан шатаж байсан, маш их дуу чимээ гарч дэлбэрсэн хэмээн ослыг нүдээр харсан гэрчүүд мэдүүлжээ. Мөн онгоц хөөрч эхлэхдээ хурд нь жигд бус байсан гэв.
Онгоц нийслэлээс зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо унасан ба нийт 32 орны зорчигч зорчиж байсан гэнэ. Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус улсын засгийн газар болон “Ethiopian Airlines” компанийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж улс орон даяар гашуудал зарласан байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трьюдо, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш, Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон нар тус онгоцонд зорчиж яваад амиа алдсан өөрийн улсын иргэдийн ар гэрийнхэн болон Этиоп улсад тохиолдсон уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. Уг онгоцонд Кенийн 32, Канадын 18, Этиопын 9, Италийн 8, Хятадын 8, Америкийн 8, Британийн 7, Францын 7, Египтийн 4, Германы 5, Энэтхэгийн 4 иргэнээс гадна бусад улсын тодорхой тооны иргэд зорчиж байсан ажээ. Зарим зорчигч НҮБ-ын пасспорттой байсан нь Даваа гаригт буюу өнөөдөр /2019.03.11/ Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны чуулганд оролцохоор явж байсан байж магадгүй гэв.
“Ethiopian Airlines” бол Африк тивийн хамгийн найдвартай, үйлчилгээ сайтай нислэгийн компаниудын юм байна. Гэсэн ч 2010 онд Ливанийн нийслэл Бейрут хотоос ниссэн онгоц нь осолдож 83 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүн амиа алдаж байжээ.
“Boeing & 737 Max-8” онгоцны хувьд 2017 онд бүтээгдсэн, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн “Ethiopian Airlines” компанийн үйлчилгээнд явж эхэлжээ. Хоёрдугаар сарын 4-нд техникийн үзлэг хийхэд бүх зүйл хэвийн ажиллаж байсан аж. Энэ нь “Boeing” загварын онгоцуудаас хамгийн сүүлийн үеийн, хамгийн их зарагддаг, хамгийн найдвартайд тооцогддог загвар юм байна. Одоогоос таван сарын өмнө Индонезийн “Lion AIr” компанийн мөн “Boeing & 737 Max-8” онгоц үйлчилгээнд нэвтрээд дөнгөж хоёр сар болж байхдаа осолдож 189 хүний амийг авч одсон юм.
АНУ-ын Зам тээврийн яамны ерөнхий мэргэжилтэн асан, нисэх онгоцны шинжээч Мари Шиаво “Энэ бол үнэхээр сэжигтэй тохиолдол. Ганцхан жилийн дотор цоо шинэ хоёр онгоц хоёулаа дөнгөж хөөрөөд удалгүй осолдлоо. Агаарын тээврийн салбарт маш том сануулга, дохио болж байна” хэмээн хэлсэн байна.
Индонезид болсон ослын хувьд онгоцны хурд заагчид асуудал үүссэний улмаас онгоц унасан гэсэн дүгнэлт гарсан. Энэ удаагийн ослын шалтгаан Индонезийн онгоцны осолтой ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг хэлэхэд эрт байна гэж ослын газар дээр ажиллаж буй шинжээчид хэлжээ.
Холбоотой мэдээ