Уран гулгалтын шинэ од Г.Марал-Эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын шинэ од Г.Марал-Эрдэнэ

Уран гулгалтын шинэ од Г.Марал-Эрдэнэ

ОХУ-ын Красноярск хотод болж буй дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадам маргааш өндөрлөнө. 58 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна.

Монгол Улсын баг тамирчид анх удаа таван төрөл буюу цана, цанын орон зай баримжаалах, шорт-трек, уран гулгалт, фристайлд дэлхийн оюутан тамирчидтай өрсөлдлөө. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Япон улсад суралцаж байгаа уран гулгалтын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ байсан юм. Анх удаа олон улсын томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон энэ үйл явдал өвлийн спортын түүхэнд онцгой үйл явдал болж үлдлээ.

Универсиадын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Марал-Эрдэнэ 24,5 оноогоор 30-р байрт орсон. Түүний хувьд чөлөөт үзүүлбэрт орох оноо авч чадаагүй ч монголчуудад том бэлэг барьж чадсан юм.

Г.Марал-Эрдэнэ Жакомо Пуччинигийн “O mio babbino caro” арийн аянд гулгаж, хоёр эргэлттэй аксель, тулуп үсрэлтүүдийг гүйцэтгэсэн ч нэг унаж оноогоо хасуулсан. Үзүүлбэрийн төгсгөлд ахин хоёр эргэлттэй тулуп хийн богино үзүүлбэрээ дуусгасан. Түүнд шүүгчид 24,75 оноог өгснөөр Индонез, Исланд, Филиппин, Малайз, Бразилын тамирчдын урд 30-р байрт орсон юм. 24 тамирчин чөлөөт үзүүлбэрт орох эрхээ авсан бөгөөд тэднээс Азийн цомын аварга Японы Май Михара, Азийн наадмын хүрэл медальт Казахстаны шинэ од Элизабет Турсынбаева, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Станислава Константинова нар медальт байранд шалгарсан.

Энэ жил 21 настай Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдарч уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Өдгөө Япон улсын Нагоя хотын Чюүкёо их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцдаг бөгөөд ирэх хавар сургуулиа төгсөх юм байна. Түүний хувьд цаашид мэргэшин суралцахаас гадна олон тэмцээнд оролцож амжилт гаргах зорилготой.

Г.Марал-Эрдэнэ алдарт Мао Асадагийн багт хичээллж, шоу тоглолтод оролцож байна.

Мао Асада бол “Ванкувер 2010” олимпийн наадмын аварга, 2008, 2010, 2014 оны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн алдартай тамирчин билээ. Асада 2017 онд зодог тайлсан ч одоо “Thanks tour” шоу тоглолтыг Японы хотуудад тоглож байна. Тэгвэл Г.Марал-Эрдэнэ эхний хоёр шоунд оролцсоны дараа Красноярст хотод ээж А.Шинэсарангийн хамт очсон юм.

Энэ жил дэлхийн оюутан тамирчин оролцдог Универсиад наадамд Монголын уран гулгагч гэж цоллуулж чадсан Г.Марал-Эрдэнийн хувьд том хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр явна. Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчаар хичээл заалгаж байгаа түүнд ур чадвараа жилээс жилд ахиулсаар байна. Хэзээ нэгэн цагт Мао Асадагийн том багийг Монголд урих бодолтой түүнд бий. Мэдээж Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдлээс сэргийлж, Япон улсад өөрийгөө хөгжүүлж яваа түүнд талархаас аргагүй билээ.

Г.Марал-Эрдэнэ 2013 онд Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцсон нь түүний эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон анхны том тэмцээн байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг бүрэн дэмждэг учраас түүнд олон том зорилго бий. Түүний ээж хамгийн сайн туслагч нь учраас тэд том амжилтын төлөө зүтгэсээр байна.

Дэлхийн оюутан тамирчид цугларсан Красноярск хотод уран гулгалтын өрсөлдөөнд Монгол улсын нэрийг гаргасан Гансүхийн Марал-Эрдэнэд талархая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж