У.Хүрэлсүхийн танхим малын хөлийн татварыг сэргээж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн танхим малын хөлийн татварыг сэргээж чадах уу?

У.Хүрэлсүхийн танхим малын хөлийн татварыг сэргээж чадах уу?

Засгийн газар нь дэмжвэл Малын хөлийн татварыг сэргээх хуулийн төслийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барих нь ээ. Одоогоор татварын хэмжээг тогтоогүй ч хонин толгойд шилжүүлснээр 200 толгой малаас дээшхэд малын хөлийн татвар ногдуулах, төвлөрсөн орлогыг бэлчээрийг сайжруулах, худаг ус гаргах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэгт зарцуулдаг байх хувилбар яригдаж буй юм. Гэвч сонгуулийн мөчлөг ойртсон, Сангийн сайд нь шинээр татвар санаачлах зүрх зориггүй үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдынх нь санаачлага УИХ-ын босго давж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна.

Уг нь бодит нөхцөл байдлаа харж чадвал малын хөлийн татварыг сэргээх нь бэлчээрээ хамгаалаад зогсохгүй, малын чанар сайжрахад нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үздэг.

Судалгаагаар Монгол Улс 112.7 сая га бэлчээртэй. Нийт бэлчээрийн 52.9 сая га-г өвөл, хаврын улиралд 60.3 сая га-г зун намрын улиралд ашигладаг байна. Гэвч цөлжилт, бэлчээрийн доройтол зэргээс шалтгаалан бэлчээрийн талбай жил ирэх бүр багассаар 1964 оныхтой харьцуулахад 9.0 га-гаар багасчээ.

Монгол Улсын мал сүргийн тоо өнгөрсөн онд 66.4 сая толгойд хүрсэн бөгөөд төл хүлээн авснаар энэ жил 80 толгой сая давах нь. Мал сүргийн тоо ийн өссөн нь малчдын нөр их хөдөлмөрийн үр шим боловч ашиг шим талаас нь тооцвол базаахгүй мэдээ дуулгана. Хот хөдөөгүй гаднаас импортоор орж ирсэн хуурай сүүгээр хэрэгцээгээ хангаж байгаа бол нийслэлийнхэн өнгөрсөн өвлөөс эхлэн нэг кг нь 10 мянган төгрөг давсан мах худалдан авч, хоногийн хоолоо залгуулсаар.

Малынх нь арьс шир ч үнэгүйдэж гүйцсэн. Тухайлбал, хонины нэхий 500 төгрөг болтлоо унажээ. Үхэр, адууны шир ч өндөр үнэд хүрдэггүй. Учир нь үхэр гуур зэрэг амьтанд бариулсан байдгаас түүхий эд нь ийн үнэгүйддэг аж.

Иймээс малын хөлийн татвар ногдуулдаг болох нь малчид тооны хойноос хөөцөлдөх бус өндөр ашиг шим өгдөг мал аж ахуй эрхэлдэг болоход нөлөөлнө гэж үзэж байна.

Малын хөлийн татвар нь малчдын хувьд шинэ зүйл биш аж. Шилжилтийн үед ч хонин толгойд шилжүүлсэн аргачлалаар малын хөлийн татвар ногдуулж, малчид төлж байжээ. Жишээ татвал, алс хязгаар нутагт нэг хонинд 50, төвийн бүс нутагт нэг хонинд 75, нийслэлтэй ойр бол нэг хонинд 100 төгрөгийн татвар ногдуулж байсан юм байна. Дээрх татварын дүнд нэг суманд 5-6 сая төгрөгийн орлого төвлөрдөг байсан аж. Монгол 330 гаруй сумтай гэж тооцвол зөвхөн малын хөлийн татвараар овоо хэдэн төгрөг төсөвт төвлөрдөг байсан нь эндээс харагдана. Гол алдаа нь уг татварыг мал аж ахуйг хөгжүүлэхэд зарцуулж байсангүй.

Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед малын хөлийн татварыг сэргээх хуулийн төсөл боловсруулагдан УИХ-аар хэлэлцэгдэж байсан ч УИХ-ын гишүүд нь сонгуулиар санал авахаа бодоцгоон хэт улстөржүүлснээс төрхөмдөө буцжээ. Уг нь эл төсөл батлагдан хэрэгжсэн бол малын чанар сайжирч, малаас гарах ашиг шим өндөр болж, тэр хэрээр экспортоос олох орлого өссөн байх талтай тухай энэ салбарынхан ярьж буй.

Хэдийгээр малын хөлийн татварыг сэргээх төсөл бэлэн болоогүй ч боловсруулагдан, УИХ-аар батлагдвал малын толгой тус бүрт 1000 төгрөгийн татвар ногдуулдаг боллоо гэхэд жилд 80 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж байна. МАН 2016 оны сонгуулиар малын хөлийн татвар бий болгохгүй гэж амласан байж болох ч мал аж ахуйгаа хөгжүүлье гэвэл УИХ-ын гишүүд нь хуулиа баталж, малчид нь ч хүлээн зөвшөөрөөд татвараа төлөөд явах цаг нь тулчихаад байна.

Учир нь одооноос эхлээд бэлчээрээ хамгаалах асуудалд төр, малчин хоёр анхаарахгүй бол оройтох нь ээ. Бэлчээргүй болсон цагт мал аж ахуй оршин тогтнох аргагүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж