Нийслэлчүүд хотын даргагүй хэдэн сарыг ардаа үдсэн. Учир нь НИТХ гээч байгууллагын талцал дээд цэгтээ тулж, хэдэнтээ хуралдаж, хэрэлдсэний эцэст шинэхэн Засаг даргаа сонгоод буй. Гэтэл Улаанбаатар хотын шинэхэн Засаг даргаар сонгогдоод буй С.Амарсайхан гуравдугаар сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр илтгэл тавьж, өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан байна. Тэрбээр энэ үеэр “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээжээ.
Түүний энэ үг зарим иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хотын иргэд урин дулаан цагаар шөнийн гэрэлт гудамжинд чөлөөт цагаа өнгөрүүлж, сонирхолтой арга хэмжээнд оролцож, үзвэр, тоглолт үздэг газар болсон билээ. Гэтэл шинэ Засаг дарга С.Амарсайханд өмнөх экс Засаг дарга Су.Батболдын санаачилсан ажил таалагдсангүй бололтой.
Эргэн сануулахад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн “Гэрэлт гудамж” болгон тохижуулсан билээ. Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Шөнийн гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой.
Энэ жишгээр нийслэл Улаанбаатар хот 2017 оны зургадугаар сарын 8-нд шөнийн гэрэлт гудамжтай болсон. Ингэснээр Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн билээ. Шөнийн гудамж нь тавдугаар сараас эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг байв.
Гэвч шинээр томилогдсон хотын дарга С.Амарсайхан өмнөх ажлаа барахгүй байгаа хотынхонд шөнийн гудамж хэрэггүй гэдгийг яриандаа онцолсон нь ийнхүү иргэдийн шүүмжлэл дагуулаад байна.
А.СҮРЭН