Монгол Улс өдөр бүр дуулиант үйл явдлаар дүүрэн байна. Гэнэтийн баривчилгаа, учир битүүлэг үхэл, осол аваар, өмчийн хэрүүлээр дүүрсэн Монголд эдийн засагт хэрэгтэй чухал хуулиуд хэзээ УИХ-аар орж, хэзээ батлагдах нь тодорхойгүй. Хууль батлах үүрэгтэй УИХ-ын гишүүд нь Засгийн газрын "улаан хамгаалагч" болчихсон яваа. Тухайлбал, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчний үүрэг биелүүлэх ёстой, сөрөг хүчнээс нэр дэвшиж сонгогдсон Ж.Батзандан, Л.Болд нарыг нэрлэж болно.
Эдийн засагт эрсдэл авчрах муу мэдээ, мессежүүдийг төр засгаас өдөр бүр өгөх тусам бараа, бүтээгдэхүүний үнэ сэм сэм өссөөр. Хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ өдөр ирэх тусам үнэгүйдсээр. Өнөөдөр нэг монгол төгрөг 2640 ам.доллартай, 392.50 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш цаашдаа улам өсч магадгүй байна. Учир нь Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 81 хувиар буурчээ. Тодруулбал, Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авснаас 354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авсан талаар төв банкны мэдээлэлд дурдагдсан байна.
Алт бол хөрвөх чадвартай металл. Энэ утгаараа алт тушаалт багасч, нөөц нь буурах юм бол төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш тэнгэрт гарч мэдэх нь. Үүнийг бодлогоор зохицуулж, арга хэмжээ авах үүрэгтэй Засгийн газар өдөр бүрийн дуулианд анхаарлаа хандуулаад завгүй
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд энэ нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ оноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа юм.
Өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байв. Мөн тус сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байжээ.
Иймээс л эдийн засгаа сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Засгийн хийх ёстой үндсэн ажлуудын нэг. Гуравдугаар сарын 18-наас эхлэхээр товлогдсон ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад улс төр уйдахгүй ч, эдийн засаг илүү эмзэг болох шинжтэй.
Б.БАТ
Холбоотой мэдээ