Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2015.04.19-нд нийтлэгдсэн

Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөнө

-УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллалаа-

Багануурын уурхайн одоогийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд цаашид хоёр дахин өргөтгөхөөр төлөвлөжээ. 1983 оноос хойш техник шинэчлэл хийгээгүй боловч өнгөрсөн хоёр жилд 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж ажиллажээ. 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Багануурын уурхайг өргөтгөх учиртай. Тодруулбал, цахилгаан станц ашиглалтад орсноор Багануурын уурхайн өнөөгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурын уурхайн үйл ажиллагаа, нүүрсний нөөц, өргөтгөхөд зайлшгүй шаардлагатай хийгдэх ажлуудтай газар дээр нь танилцлаа. 700 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын эхний ээлжийн барилга хоёр жилийн дараа ашиглалтад ороход Багануурын уурхайд нүүрс бэлэн үү гэдэг асуудал хөндөгдөж байгааг Аж үйлдвэрийн сайд хэлж байв. Энэ бол Засгийн газрын онцгой анхаарал хандуулах учиртай асуудал болохыг ч уулзалтын үеэр онцгойлон хэлсэн юм. Хүнд үйлдвэр цаашид говийн бүст төвлөрөх бөгөөд эдгээрийн эрчим хүчний хэрэгцээг хангахад дээрх цахилгаан станц онцгой хувь нэмэр оруулна. Уурхайг өргөтгөх асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг амаараа яриад шийдчихдэг юм биш. Яг одоогийн байдлаар Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болох нь. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед шийдвэрлэх боломжгүй ч цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах нь Засгийн газрын үүрэг. Цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр, ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Төдий чинээ Багануурчууд ажилтай, цалинтай болно гэж ойлгох хэрэгтэй” гэв. Шинэ цахилгаан станц ашиглалтад орсноор нэмж гурван сая тонн нүүрсний хэрэгцээ үүсэх юм байна.

Багануурт “Шинжлэх ухаан, технологийн хотхон” байгуулна

Багануурт “Шинжлэх ухаан, технологийн хотхон” байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар оюутны хотхоныг барьж, байгуулах, их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах асуудал хоёр засгийг дамнан яригдаж байна. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурт “Шинжлэх ухаан, технологийн парк” байгуулах ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. ШУТИС-ийг хотоос нүүлгэж, эрдэм, шинжилгээ, судалгаанд суурилсан, оюутан залуусын хотхон Багануур хотод сүндэрлэх нь. Ингэснээр монголчуудын удтал, мөрөөдөж ирсэн өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж жинхэнэ утгаараа бий болно. Цаашилбал, үйлдвэрийг кластерийн системээр хөгжүүлэхэд “Шинжлэх ухаан, технологийн хотхон”-ы үүрэг оролцоо онцгой. Ирээдүйн Багануур хотод шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл хөгжиж, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимжүүлэхэд энэхүү хотхоныг барьж байгуулах нэн шаардлагатай байгаа юм.

Томилолтын бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, БСШУЯ-ны холбогдох албан тушаалтнууд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар багтаж, ажиллав.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж