Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо жагсагчид өчигдөр /IV.18/цагдаа нартай мөргөлдсөнөөс 10 гаруй хүн гэмтэж, 100 хүн баривчлагджээ. “Севол” гатлага онгоцны осолд хараат бус мөрдлөгө явуулахыг шаардсан олон мянган хүний жагсаал бямба гаригийн үдэд эхэлсэн аж.
Ерөнхийлөгчийн ордонг чиглэсэн жагсаалыг зогсоохоор 13 мянга орчим цагдаагийн албан хаагч дайчлагдсан байна. Энэ үеэр Хөх ордон хүрэх замыг цагдаагийнхан 470 автобусаар хаан хамгаалсан байжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Өмнөд Солонгосын ард иргэд гатлага онгоцны осолд хараат бус мөрдлөгө явуулахыг хүсч буй шалтгаан нь хариуцлагагүй төрийн албан хаагчид, авлигач улстөрчдийг илрүүлж, шийтгэх зорилготой аж.
“Севол” гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож живснээс 304 хүн нас барсны 250 нь дунд сургуулийн сурагчид байжээ. Инчон хотоос өмнө хэсгийн Жежү арал хүрэх гатлага онгоцны аялал даац хэтрүүлсэний дээр хэт огцом эргэлт хийснээс болж эмгэнэлт ослоор өндөрлөсөн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters