Испанийн Эзэн хааны “Реал Мадрид" баг долоохон хоногийн дотор талбай дээрээ гурав дараалан ялагдаж, Аваргуудын лиг, Испанийн АШТ, Испанийн Цом гэсэн гурван том тэмцээнд түрүүлэх найдлагагүй болов.
“Реал” багийн удирдлага “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд шуурхай хуралдаж, шинэ дасгалжуулагчийн талаар хэлэлцэж, дасгалжуулагч Сантьяго Солариг энэ сарын 10-нд “Вальядолид”-той хийх тоглолтын өмнө халахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан хөлбөмбөгийн хорхойтнууд Францын домогт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг “Реал”-ыг дасгалжуулна хэмээн шуугилдаж эхэлжээ. Дасгалжуулагчийн замналаа эхлээд удаагүй байгаа ч олон өндөр амжилт үзүүлж буй тэрбээр 2016-2018 оны хооронд хоёр жил хүчирхэг “Реал Мадрид”-ыг удирдахдаа Аваргуудын лигт 3 удаа, Ла лигт 1 удаа түрүүлүүлж, мөн Клубын ДАШТ, Европын супер цомд тус бүр хоёр удаа түрүүлүүлсэн байдаг.
“Реал Мадрид” багийн ерөнхийлөгч асан Роман Калдероны ярьснаар, багийн удирдлагууд түүнтэй дахин холбогдсон ч харамсалтай нь Зидан тэдэнд татгалзсан хариу өгчээ.
Тэрбээр “BBC” радиогийн шууд ярилцлагад оролцох үеэрээ “Багийн ерөнхийлөгч Флорентино Перез утсаар ярьж Зиданыг буцаж ирэхийг гуйсан. Энэ тухай би өнөө өглөө мэдлээ” гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр З.Зидан ирэх зургадугаар сарыг хүртэл багт нэгдэх боломжгүй гэдгээ хэлж, Реал Мадридын удирдлагын саналаас татгалзсан байна.
Оронд Жозе Моуриньог томилохоор түүний агент Жорж Мендештэй хэлэлцээ хийсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдэд Жозе Моуриньо энэ сарын 11-нд ажилдаа орох ч энэ хэдэн жилийн гэрээ байгуулах нь тодорхойгүй байгаа аж. Моуриньо 2010-2013 онд тус багийг удирдаж, Испанийн аварга, Цомын эзэн болж байсан билээ. Мөн тэрбээр 2013 онд халагдахдаа багийн ахлагч Рамос зэрэг хэд хэдэн тоглогчтой “тангараг тасарсан”. Тиймээс Жозе ирснээр Рамос багаа орхих нь бараг тодорхой боллоо хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд ярьж байна.
Б.ЖАРГАЛ