“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Найман хувийн орон сууцны зээлийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар орон сууцны зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээ давж борлуулалт зогсонги байдалд шилжин, барилгын салбар өдрөөс өдөрт уруудаж байна. Нөгөө талаар сүүлийн жилүүдийнхээс ипотекийн зээлийн санхүүжилт буурсан нь салбарын хувьд хүнд цохилт болсон гэж хэлж болох байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6-8 мянган иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан. Үүний 110 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 190 тэрбум төгрөгийг Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгож ирсэн. Зээлийн санхүүжилт өмнөх жилүүдээс буурсан нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтэд хамрагдсантай холбоотой. ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн зээлийг зогсоо гэдэг хатуу шаардлага тавьсан. Монголбанк, Сангийн яамны зүгээс ипотекийн зээлийг зогсоох боломжгүй, иргэдээ орон сууцжуулах нь Засгийн газрын бодлого гэж үзэн, ОУВС-гийн хэлэлцээрт орсноор тодорхой хязгаарлалттайгаар ипотекийн зээлийг үргэлжлүүлж байна. Харин энэ оноос ипотекийн зээлийг шинэ журмаар хэрэгжүүлж байна. Журамд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмье гэдэгт Сангийн яам, Монголбанкны зүгээс санал нэгдсэн. Монголбанкны хувьд арилжааны банкуудтайгаа тохирч арилжааны банкууд өөр дээр байгаа мөнгөө ипотекийн зээлд оруулж байхаар тохиролцсон. Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум болж нэмэгдэж байгаа юм. Тиймээс энэ онд ипотекийн зээл олголтын хүртээмж нэмэгдэнэ.
-Ипотекийн зээл хэвийн олгогдож байна гэх хэдий ч арилжааны банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна гэх иргэдийн шүүмжлэл байнга гардаг. Энэ асуудалд яамны зүгээс хяналт шалгалт хийж байна уу?
-Яг энэ асуудлаар манай яаманд маш их гомдол ирдэг. Нөгөө талаас яамны зүгээс арилжааны банкуудад үүрэг, чиглэл өгөх эрх нь хязгаарлагдмал. Банкууд өөрсдийн дотоод шалгуурын дагуу ипотекийн зээлийн журмын дагуу олгодог учраас банкуудад бид хүчээр тулгалт хийх эрхгүй. Харин саяхан буюу өнгөрөгч сарын 20-нд Сангийн яам, БХБЯ, Монголбанк хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хамтарсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээний үр дүнд яам Монголбанкыг шахаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Засгийн газар болон Монголбанк нь олгосон орон сууцын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтарч хяналт тавина. Банкуудад олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг банк зориулалтын дагуу зарцуулаагүй, өөрийн эрх ашигт нийцүүлэн ашигласан, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Монголбанк тухайн арилжааны банкны санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан татах, мөн тухайн банкинд эх үүсвэр хуваарилахыг хязгаарлана гэж Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн шинэ журамд маш тодорхой тусгаж өгсөн. Дээрх заалтыг банкууд зөрчсөн тохиолдолд иргэдийн зүгээс Монголбанканд гомдол гаргах эрх нь нээлттэй.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
"ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРЭЭ ИПОТЕКИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРТ ТООЦУУЛАХ БОЛОМЖТОЙ"
МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн, БЗД-ийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Хонгортой найман хувийн орон сууцны зээлийн талаар ярилцлаа.
-Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас бууруулах бодит боломж байгаа талаар та ярьж байсан. БХБЯ-ны зүгээс "Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон" гэдэг тайлбарыг өгсөн. Санхүүч хүний хувьд зээлийн хүүг бууруулах ямар гарц гаргалаа байна вэ?
-Өнөөдөр нийгэмд орон сууцны ипотекийн зээл маш өндөр хүлээлттэй байдаг асуудлын нэг. Гэр хорооллын олон мянган айлын янданг цөөрүүлж, иргэдийг тохилог орон сууцанд шилжүүлэх нь нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээ. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн зорилго бол агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн санхүүжилтэнд иргэний хуримтлал буюу тэтгэврийн нэрийн дансыг холбох. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд ипотекийн зээлийн хүүг буулгах шаардлагатай. Манайд өнөөдөр ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байна. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд 3 хувь, Солонгост 2.25-3.15 хувь, Туркт 3.5, Канадад 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байгаа нь дэлхийд байхгүй өндөр хүү. Ипотекийн зээлийн хүүг болон урьдчилгаа төлбөрийг бууруулах хэд хэдэн гарц бий. Нэгдүгээрт, ажил хийж байгаа Монгол Улсын иргэн бүр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн нэрийн дансандаа сар бүр цалингаасаа мөнгө төлдөг. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг тухайн даатгуулагч тэтгэвэрт гарсан хойноо л хүртэх эрх нь нээгдэнэ, мэдээж хэрэг энэ хүртлээ насалж чадвал шүү дээ.
Эхний алхам болгож ипотекийн зээлийн зорилтот бүлгийн зээлдэгч нарын тэтгэврийн нэрийн дансыг нь мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулдаг болгох боломж байгаа. Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд хуримтлал үүсгэдэг, ингэсэн тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт буцаалтыг олгодог ээлтэй татварын тогтолцоог бүрдүүлж дэмжих ёстой. Хэдий хэр хэмжээний хуримтлал бий болно, төдий чинээ тухайн иргэнд ипотекийн зээл авахад нь татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох хууль эрх зүйн орчныг нь одооноос эхэлж бүрдүүлбэл залуучууд сарын задгай хэрэглээгээ хумьж орон сууц худалдан авах ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх сонирхол, тэмүүлэл, зорилго нь нэмэгдэнэ. Нөгөө талаас санхүүгийн хөшүүрэг болно. Гуравдугаарт, санхүүгийн болон барилгын үйлдвэрлэлийн өртөг зардлын нэгдмэл удирдлагыг ипотекийн зээлийн тогтолцоонд хэрэгжүүлэх нь зээлийн хүүг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
"ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ БҮХ ЗҮЙЛД ЭРЭГТЭЙ ХҮНТЭЙ ЯГ АДИЛХАН АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ"
Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахын төлөө нэгдэж дуу хоолойгоо хүргэдэг өдөр. Баярын дугаараараа Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Энэ өдрийг эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа нийгмийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдийн үгийг сонсч, асуудлыг нь шийдэх учиртай өдөр хэмээн олон улсад тэмдэглэдэг ч манайд бол эсрэгээрээ баяр, бэлэг, цэнгүүний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ тухайгаас хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Олон улсад энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүлээн авч тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхэд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Зарим нэг улсад тайван жагсаал хүртэл хийдэг. Манай хорооны хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж тодорхой арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд оюутан залуучууд руу илүү чиглүүлснээрээ онцлог байлаа. Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар оюутан залуучуудын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Их дээд сургуулиудын оюутнуудад семинар зохион байгуулж, телевизийн шууд хэлэлцүүлэг мөн “Гэр бүлийн үнэ цэнэ, жендерт суурилсан хүчирхийлэл”сэдвийн дор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА