Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа гурвын хамтарсан “Сүүн аялгуу” нэртэй тоглолт өнөөдөр Corporate Conventian centre-д 19.00 цагаас болно.
Дуучид маань анх 2012 онд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” нэртэй хамтарсан тоглолтоо хийж байсан бол долоон жилийн дараа дахин хамтарч байна. Тэдний уран бүтээлийн сан олон сайхан ээж, эх үрийн хайрын бүүвэйн дуугаар нэмэгджээ. Уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн шалтгаан нь ээжүүд болж, шинэ үрээ өлгийдөн авчээ.
Гурван “Маа” ардын дууны цоморлиг хийсэн бөгөөд дан “Маа” нэртэй ардын дууг хамтран дуулсан. Хандирмаа, Сүнжидмаа, Алгирмаа, Аранжидмаа, Дүүриймаа гэсэн таван дуу тэдний урын санд бий. Уг уран бүтээлийн хөгжмийн найруулгыг Аранза буюу Бат-Эрдэнэ хийжээ.
“Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Эхийн ариун сэтгэл”, “Амин заяат үр”, “Бодол”, “Бурхан гэдэг зөвхөн ээжүүд”, “Хүлээсэн учрал” зэрэг 10-аад дууг өөрсдийн өнгө аясаар дуулж, олон түмэндээ хүргэсэн тэдний дууг өнөө үдэш сонсох боломжтой.
Холбоотой мэдээ