Хүний эрхийн үндэсний комисст 2014 онд гаргасан 710 гомдлын 330 буюу 46.5 хувийг хорих анги, цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, ялтан нараас гаргасан гомдол дангаараа эзэлж байна.
Хүний эрх зөрчигдсөн гэх 330 гомдлоос 171 нь хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөн талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд тэмдэглэжээ.
Өөрөөр хэлбэл, хүний эрх зөрчигдсөн гэж үзэн гаргаж буй гомдлын талаас илүү хувь нь эрүүдэн шүүх, хилс хэрэгтэй холбоотой байсан нь шоронжсон гэх тодотголоос “эрүүдэгч”-ийн эгнээнд шилжихээр тоон үзүүлэлт гэлтэй.
Гэхдээ дээрх 171 гомдлыг хүний эрхийг хамгаалагчид шалгахад 32 гомдол буюу 18.7 хувь нь гомдол гаргагч эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байжээ.
Тиймээс харьяалах байгууллагад шилжүүлсэн боловч манай хууль тогтоомж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцээгүйн улмаас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан тохиолдол цөөн байгааг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн судалгаа, мэдээллүүд харуулжээ.
Эрүү шүүлтийн талаар багагүй гомдол ирдэг түүнийг зогсоох, дахин гаргахгүй байх бодол манай хууль, хяналтынханд алга гэдгийг Улсын ерөнхий прокурорын газрын судалгаа нотолно.
Хүний эрх зөрчигдсөн гэж үзэн гаргаж буй гомдлын талаас илүү хувь нь эрүүдэн шүүх, хилс хэрэгтэй холбоотой байсан нь шоронжсон гэх тодотголоос “эрүүдэгч”-ийн эгнээнд шилжихээр тоон үзүүлэлт гэлтэй.
Тэрхүү судалгаанаас үзвэл, 2014 онд улсын хэмжээнд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл ирсэн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Гэтэл тэрхүү эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 50-иас дээш хувь нь төлөөлөгч буюу манай улсын хуулиар эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект биш хүмүүс байсан нь хэн дуртай нь эрүүдэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэх нөхцөл бололцоог олгоод байна гэсэн үг. Хэрэгт холбогдогч, сэжигтэн, яллагдагчийг сэтгэл санаагаар нь дарамтлах бол бүр энгийн, байх ёстой зүйл мэт гэмт хэрэгт тооцохгүй байгааг нь тодорхой болж байна.
Эрүү үүсгэхээс татгалзаад байгаа гол шалтгаан нь “гэмтэл тогтоогдоогүй”.
Тэгвэл “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл” дурдсан бодит кейсийг энд танилцуулах нь зүйтэй болов уу?
ТОХИОЛДОЛ 1:
Хэсгийн төлөөлөгч М сумын уурын зууханд 19 хоног хууль бусаар хорьж, эрүүдэн шүүсэн гэх гомдлыг Булган аймгийн Цагдаагийн газар шалгаад тус аймгийн прокурорын газар “гомдол гаргасан иргэд өөрсдийн сайн дураар сумын уурын зууханд хоносон байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
ТОХИОЛДОЛ 2:
Хэсгийн төлөөлөгч Д нь эрүүдэн шүүж зодохдоо хавирга хугалсан гэх иргэн Х-ийн гомдлыг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаад тус аймгийн прокурорын газар “гомдол гаргагч хэсгийн төлөөлөгч намайг зодоогүй гэсэн тайлбар өгсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
ТОХИОЛДОЛ 3:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар хэрэг хүлээлгэх зорилгоор сэжигтэн Э-г хэлтсийн байранд гурав хонуулан зодож, гэмтэл учруулсан талаар иргэн Э цагдан хорих байрнаас Комисст хандаж гаргасан гомдолдоо “Миний бие эрүү шүүлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон талаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан боловч надад эрүү шүүлт тулгасан төлөөлөгч нартай нэг өрөөнд суудаг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б ирж уулзаад “Чиний зодуулсан гэх гомдлыг би шалгана” гэж хэлсэн. Миний гомдлыг өөр газраар шалгуулж өгнө үү”.
ТОХИОЛДОЛ 4:
2014 оны тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн “Эрүүгийн тасгийн дарга, гурван төлөөлөгчтэйгөө бүлэглэн хэрэг хүлээлгэх зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” гэх хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай нотлогдсон байхад эрүүгийн төлөөлөгч нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект биш тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
(Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн судалгаанаас)
Нэг мөрдөгч нь эрүүддэг, эрүүдсэн мөрдөгчийг нөгөө өрөөний хамтран зүтгэгч нь шалгадаг гэсэн үг. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус, бие даасан байгууллага мөрдөн шалгах ёстой.
Энэ дагуу ч 2011 онд болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2797 дахь хэлэлцүүлгээс “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход оролцогч улс анхаарна уу” гэж Монгол Улсад зөвлөмж өгчээ.
Дахиад судалгаа сөхвөл эрүү шүүлт тулгах гэмт хэргийн зүйл ангиар 2013 онд зургаа, 2014 онд таван эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Шийдвэрлэлтийн хувьд, 2013 оны зургаан хэргээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр гурвыг нь прокурор хэрэгсэхгүй болгож, үлдсэн гурвыг прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн боловч нэг хэргийн зүйлчлэлийг хөнгөн гэмт хэрэг болгон өөрчилж, шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол хоёр хэргийн шүүгдэгч нарт хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Харин 2014 оны таван хэргээс дөрвийг нь прокурор хэрэгсэхгүй болгож, харин нэг хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчийг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Эрүүдэн шүүсэн талаар хохирогчид гомдол гаргадаг ч нэг аймгийн цагдааг нөгөө нь шалгаж, мөрдөн байцаалт, прокурорын явцад хэрэгсдэггүй болсон энэ төрлийн хэргийг гаарахад хүргэжээ.
Үүгээрээ эрүүдэн шүүхийг хүлээн зөвшөөрсөн гэмээр хууль, эрх зүйн орчин бидэнд үйлчилж байна гэсэн үг. Өнөөдөр ямар нэгэн хэрэгт сэжигтнээр холбогдоод маргааш ялтан болох тийм тогтолцоо энгийн иргэдэд үйлчилж байна.
Эрүүдэн шүүсэн талаар хохирогчид гомдол гаргадаг ч нэг аймгийн цагдааг нөгөө нь шалгаж, мөрдөн байцаалт, прокурорын явцад хэрэгсдэггүй болсон энэ төрлийн хэргийг гаарахад хүргэжээ.
Иймэрхүү л Монголд эрүүдэн шүүх ажиллагааг ил цагаанаар хийх болжээ.
Харин хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улсын төр засгийнхан маань энэ талаар огтхон ч анхаарал тавьдаггүй бололтой. Учир нь, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлээ ХЭҮК өнгөрсөн сарын 30-нд УИХ-д өргөн барьжээ.
Харамсалтай нь өнгөрсөн жилийн 13 дахь удаагийн илтгэлийг одоог хүртэл УИХ хэлэлцээгүй байгаа юмсанж.
Монголд гадаадынхан “hotel Mongolia” гэх муухай нэрийг өглөө гэж улстөрчид ярьж байхад НҮБ-ын Хүний эрхийн хороо бидний эрүү шүүлтийг дахин илчилж, “там” тодотгол ч авч болзошгүй болжээ.
Эрүү шүүлтийн хэрэг буурсан шалтгаан нь алга болсондоо бус түүнийг нь нуун дарагдуулдаг ч орших болжээ.
Л.НАРАНТӨГС