Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад санал болгожээ

Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад санал болгожээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-ны өдөр зарлагдсан байгаа. Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга нарын чөлөөлөх асуудлыг тусгасан байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь нэр дэвшүүлсэн хоёр хүнийг АТГ-ын дарга, дэд даргад томилуулах саналтай байгаагаа УИХ-ын даргад илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны тавдугаар сард АТГ-ын дарга, дэд дарга нэр дэвшүүлэх олон нийтийн санал асуулга зохион байгуулж байсан. Энэхүү санал асуулгаар   Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалд нэр дэвшүүлэх санал нийт 6.405 иргэнээс иржээ. Тухайлбал, АТГ-ын даргад 6.382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5.657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, хамгийн их санал авсан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нар авсан учраас тэднийг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх саналтай байгаагаа Ерөнхийлөгч дахин илэрхийлжээ.

АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИЖ БУЙ Д.ДАВАА-ОЧИР ГЭЖ ХЭН БЭ?

Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Ж.Батсайхан нь Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 онд ШШГЕГ-ын дэд даргын албан тушаалд томилогдож байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нар нь Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа гэнэ.  Тодруулбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”, “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх шалгуурыг бүрэн хангасан нэр дэвшигчид гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцолсон юм.

Түүнээс гадна АТГ-ын даргын бүрэн эрхт хугацаа нь дуусгавар болоогүй гэсэн шалтгааныг өмнө нь тайлбарлаж байсан юм. Харин энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс одоогийн АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа юм. Ингэхдээ “Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан. Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.  Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон” гэж Ерөнхийлөгчийн зүгээс тодотгожээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж