"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахын төлөө нэгдэж дуу хоолойгоо хүргэдэг өдөр. Баярын дугаараараа Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Энэ өдрийг эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа нийгмийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдийн үгийг сонсч, асуудлыг нь шийдэх учиртай өдөр хэмээн олон улсад тэмдэглэдэг ч манайд бол эсрэгээрээ баяр, бэлэг, цэнгүүний өдөр болгон  тэмдэглэдэг. Энэ тухайгаас хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Олон улсад энэ өдрийг эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдрөөр хүлээн авч тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхэд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Зарим нэг улсад тайван жагсаал хүртэл хийдэг. Манай хорооны хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж тодорхой арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд оюутан залуучууд руу илүү чиглүүлснээрээ онцлог байлаа. Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар оюутан залуучуудын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Их дээд сургуулиудын оюутнуудад семинар зохион байгуулж, телевизийн шууд хэлэлцүүлэг мөн “Гэр бүлийн үнэ цэнэ, жендерт суурилсан хүчирхийлэл”сэдвийн дор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Манай Улс хүний эрхтэй холбоотой олон гэрээ, конвенцид нэгдэж, тэр хэмжээний  хуулиудад хүний эрхийн асуудлыг тусгасан. Гэвч эдгээр хууль тогтоомжууд гэрээ конвенциуд бүрэн ёсоор хэрэгжихгүй байна. Хүний эрх зөрчигдөж, хариуцлага суларч, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өдөр тутам зөрчигдсөөр байна. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хорооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улс хүний эрхийг хамгаалах талаар олон улсын 40 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсоны сацуу Эмэгтэйчүүдийг ялварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн тайлан илтгэлийг хүргүүлэн ажиллаж ирсэн. Мэдээж конвенцийн зөвлөмжөөр ирүүлж байгаа асуудлуудыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаад л ажиллаж байна. Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн эмзэг асуудал бол хүчирхийлэлд өртөж буй явдал юм. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн санхүүжилтээр Үндэсний Статистикийн хороо Монгол Улсад анх удаа жендерт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг өнгөсөн онд хийж танилцууллаа. Судалгаанд 7300 гаруй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд ганц, хоёр тоог дурдвал, хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн гэсэн үр дүнгүүд гарсан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байсаар байна. Нөгөө талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг маш их ярих болсон. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл гардаггүй байгаад сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом гарах болсон мэтээр мэдээлж байгаа нь өрөөсгөл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ хууль 2016 онд шинэчлэн батлагдаж,  гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг хуульчилж, өгсний зэрэгцээ  төр, төрийн бус байгууллагуудын чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн.

Хууль хэрэгжээд удаагүй байгаа боловч хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа энэ гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан, төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны сайн байгаа нь гэмт хэргийн гаралт өндөр байгаад нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн  гэмт хэргийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн дийлэнх нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй байгаа нь тогтоогдсон. Тэгвэл жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл болон шалтгааныг нь тодруулсан судалгаа бий юу?

-Жендерт суурилсан хүчирхийллийн төрөлд ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хамаарна. Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан бол жендэрийн тэгш бус байдлаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн хуваарилалтын тэгш бус байдлаас бий болдог. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгаа гэвэл миний өмнө нь дурьдсан судалгаа л байна даа. Энэ судалгааг цаашид таван жил тутамд нэг удаа хийгдээд явах болов уу. Бид эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг ийм л ажил хийх ёстой, ёсгүй гэх зэргээр хөдөлмөрийн хуваарийг баталж, ялгавртай байдлыг хатуу тогтоож тэгш бус байдлыг бий болгодог. Гэтэл энэ байдал нь  нийгмийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж байхад бид яг л тэр ойлголтоор хүлээн авч бусдад тийм байдлаа хүлээн зөвшөөрүүлэх гэж тулгадаг. Тэгэхээр жендэрийн үзэл баримтлалаар харах юм бол  эмэгтэй хүн биологийн хувьд эрэгтэй хүнээс ялгаатай нь төрөх, үүнийг эс тооцвол яг адилхан авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүний алдаа, оноо, амжилт доройтол бүгд адилхан.  Эмэгтэй хүн ээж болохоороо тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн нийгмийн хүлээлт байж болохгүй хэмээн үздэг.

-Аливаа улс орны хөгжлийн түвшинг эмэгтэйчүүдийнх нь зүс царайнаас харж тогтоодог гэдэг. Гэвч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан “ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчих тухай” бичигдээгүй хууль хэрэгжиж байна гэж хэлж болно. Ажилд орлоо гэхэд нас, зүс царай, тарган туранхай, бие бялдар зааж, хөрөнгө чинээ хардаг энэ байдлыг яаж үгүй болгох вэ?

-Ажлын байранд эрэгтэй, эмэгтэй хүнд ижил бус шалгуур тавьдаг нь үнэн. Жишээ нь эмэгтэй хүний төрөх онцлог шинжийг харгалзахгүйгээр урт хугацаанд тогтвортой ажиллахыг хатуу сануулдаг. Зарим байгууллагууд зөвхөн энэ шалтгаанаас болж эрэгтэйчүүдийг ажилд авах сонирхол нь илүүтэй байдаг. Мөн эмэгтэйчүүд  ажлын байранд  карьераа өсгөх боломж нь хомс.

Ажил олгогчид эмэгтэйчүүдийг ар гэр, амьдралаа залгуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэдэг хандлагаар харж  өсөн дэвжих боломжийг нь хязгаарладаг. Энэ мөн л бидний яриад байгаа жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголттой шууд холбоотой.

Жендэрийн үндэсний хорооноос жендэр, жендэрийн тэгш бус байдлын талаарх ойлголт, мэдлэгийг бүх түвшинд хүргэх зорилгоор төр, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг. Түүчнлэн “Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого” боловсруулаад байна. Цаашид энэхүү бодлогыг хувийн хэвшил рүү нэвтрүүлэхэд анхааран ажиллах болно.

-Жендэрийн тэгш байдлыг хангахад юуг анхаарах вэ?

-Олон улсад жендэрийн талаарх ойлголт сургуулийн өмнөх насанд бий болдог хэмээн үздэг. Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлахдаа улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр, соёл боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлын баталгааг хуульчилсан.

Нэн тэргүүнд СӨБС, ЕБС-ын хичээлийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн жендэрийн мэдрэмжтэй болох шаардлагатай. Өнөөдөр бидний хүүхдийн хэрэглэж байгаа сурах бичгүүд жендэрийн тэгш бус байдлыг дэмжсэн агуулгатайг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнчлэн багш нарын заах арга зүй, жендэрийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүйгээс жендэрийн ялгаварлан гадуурхлыг дэмждэг.

Цаашлаад эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болоод эмч мэргэжилтний жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай.  Ингээд харах юм бол хүний үндсэн эрхийг хангах төрийн байгууллага, салбарын үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсаар байна. Жендэрийн үндэсний хорооноос салбарт баримтлах жендэрийн бодлогуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлж өнөөдөр найман салбар бодлоготой болоод байна. Энэ нь бие даасан бодлого биш, салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүн жендэрийн мэдрэмжтэй болох, салбарт ажиллагсдын жендэрийн мэдрэмж дээшлэхэд хувь нэмрээ оруулах юм, түүнчлэн орон нутгийн хөгжлийн стратегид уялдуулан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Нөгөө талаар аливаа хууль тогтоомж боловсруулахдаа жендерийн дүн шинжилгээ хийдэг байх ёстой. Нотолгоо, статистик тоо баримтад тулгуурлаж боловсруулах арга дутагдаж байна. Нэг жишээ дурьдахад хөдөө орон нутгаар ажиллахад хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд оруулсан явдлыг маш их шүүмжилдэг, учир нь зургаан настайгаас нь сургуульд ороод эхлэхээр заавал аав, ээжийн нэг нь хамт явах асуудал үүсдэг, үүнийг дагаад олон бэрхшээл бий болж байгаа талаар санал хэлдэг, бидний зорьж байгаа зорилго бол Монгол хүн эх орондоо эрүүл энх, ажил хөдөлмөр эрхэлсэн, орлоготой,  аз жаргалтай сайхан амьдрах, гэтэл бидний гаргаж буй бодлого шийдвэр хүндээ тэр дундаа охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүстээ ээлтэй байж чадаж байна уу, урт хугацаанд ямар үр нөлөө авч ирэхийг байнга тооцоолж төлөвлөдөг байх нь хамгийн чухал асуудал юм.

-Жендерийн тэгш бус байдлыг бий болгохгүйн тулд хувь хүний хувьд  юунаас эхлэх үү?

-Эхний ээлжинд жендэрийн талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй, дараа нь гэр бүлтэйгээ харьцах харилцаандаа анхаарч суралцаж байх шаардлагатай. Охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэй хүний  ялгаатай, онцлог хэрэгцээг анхаардаг, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Гэр бүл дотор хэн боломжтой харилцан зохицоод л ажил үүргээ зохион байгуулж болно. Мөн хүүхдийнхээ дэргэд болоод ер нь хаана ч аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэл амаараа ойлголцож, аль болох хүчирхийллийн аливаа хэлбэр рүү орчихгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэр бүл дотор үүсч байгаа стрессийг бөөгнүүлэхгүй  дор бүр нь шийдэхийг  хичээх хэрэгтэй гэж залуу гэр бүлд зөвлөмөөр байна.

-Сүүлийн үед хоёр эхнэртэй болох тухай яриа сошиал орчинд их өрнөх боллоо. Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга хүний хувьд уг асуудалд хэрхэн хандаж байна вэ. Хоёр эхнэр Монголд ер нь зохистой юу?

-Өнөөдөр манай улс чинь гэр бүлийн тухай хуулиараа нэг эхнэр, нэг нөхөр буюу моногами хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг. Ер нь хууль батлах, тодорхой бодлого хөтөлбөрүүд боловсруулж батлах асуудлууд бол бүгд хууль тогтоомжийн болоод хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар зохицуулагдана. Олон улсад соёл уламжлал, шашнаас хамаараад гэр бүлийн хэлбэрүүд ялгаатай байна. Манай улсад гэр бүл байгуулахад эхнэр нөхрийг заадаг, хуваарилдаг, тулгадаг явдал одоо бол байхаа больсон. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдөө бие биеэ таниад гэр бүлээ байгуулъя гээд аав ээждээ танилцуулаад цааш нь өрнөдөг. Энэ нь сонголтыг та өөрөө хийж байгаа энэ сонголтоо зөв хийгээд дараа нь хүлээх хариуцлагыг хүлээн авах хэрэгтэй. Тоглоом шиг өнөөдөр суугаад маргааш салдаг, үр хүүхэд эхнэр, нөхрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа умартаж болохгүй  гэсэн санаа. Өөрийн чинь тавьсан асуултыг ерөөсөө бодож үзэж байгаагүй юм байна. /инээв/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж