Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэлтэй ярилцлаа.
-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Баярын өдрүүдэд “Бүсгүйн зурвас” шинэ жүжиг үзэгчдийн хүртээл болж, эрэлт ихтэй байх шиг байан?
-Баярлалаа. Зохиолч Л.Өлзийтөгс, найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжгийн бэлтгэл ажил оны эхнээс л эхэлсэн. Театр бүрэн бүрэлдэхүүнээрээ хичээн зүтгэж гарч буй гахай жилийнхээ анхны шинэ уран бүтээлээ амжилттай өлгийдөн авч, үзэгч түмэндээ томоохон бэлгийг бариад байна. Эмэгтэйчүүдийн баярыг дөхүүлж нээлтээ хийсэн “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгны драмын жүжиг маань нилээд эрэлттэй байна. Одоогоор 6,7,8-ний өдрүүдэд өдрийн гурван удаа тоглож багйаа хэдий ч 11-нийг хүртэлх билетүүд дуусад байна даа. Маркетингийн шинэ шинэлэг олон талт үйл ажиллагааг идэвхитэй явуулсны дээр энэ удаад бид бүхэн жүжгийн онцлогт хамруулан “Шинэ өглөө” театрын тусгай дугаарын сонинг эрхлэн гаргаж олон нийтэд хүргэлээ.
–Таны босго өндөр театрт орсон түүх сонирхолтой санагдлаа. Театрын уран бүтээлчидтэй ажиллах боломж хэрхэн олдсон бэ. Энэ түүхээсээ бидэнтэй хуваалцаач?
-Драмын театртаа ажиллаад 15 дахь жилдээ явж байна. Хүн бүхний мөрөөдөл болсон энэхүү хүндэт өргөөнд орохоосоо өмнө би дуу хөгжмийн багш, арга зүйч мэргэжлээр 10 гаруй жил ажилласан. Эргээд өнгөрсөн цаг хугацааг харахад соёл гэгээрлийн салбарт 25 жил зүтгэсэн байна. Миний театрт ажиллах болсон түүх их сонин учрал ерөөлтэй.. Соёл урлагийн их сургуулийг соёл урлагийн удирдлага чиглэлээр дүүргээд 2004 оны намар нь театрын менежерээр ажиллаж эхэлсэн. Би театрт ирэхийн урд жил нэгэн томоохон бүтээл дээр ажиллаж, энэ бүтээлийн урлагийн бүтээлийг гадаад зах зээлд сурталчлах хэсгийг хариуцаж ажиллаж байсан юм. Энэ шугамаараа театр орж Д.Цэрэнсамбуу захиралтай уулзаж, ажлаа сайн сурталчилж, хамтарч ажиллах болсоноороо театрын даргад үнэлэгдсэн юм шиг байгаа юм. Тэгээд л таетрын удирдлага театрт ажиллах санал тавьж, захирлын зөвлөлийн хурлаар орж, туршилтын биш хугацаагаар театрт мэргэжлээрээ ажилд орсон доо. 2003 онд Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг нарын “Universal balet” орчин үеийн модерн бүжгийн тоглолтыг УДБЭТеатрын тайзнаа тоглох болсон. Тухайн үед их сургуулийн төгсөх ангийн оюутан надад уг тоглолтын менежерээр ажиллах боломж гарч менежерийн ажлын анхны гараагаа УДБЭТеатрт эхлүүлж байсан даа. Тоглолт маш амжилттай болж, бидний зорьсон бүтээл олонд хүрч чадсан. Магадгүй энэ тоглолт Монгол анх удаа орчин үеийн бүжгийн урлагийн бүтээлийг театрын тайзнаа тавих эхлэл байсан байх. Залуучууд шинэлэг, бас сонин содон гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж үзэгчдигй байлдан дагуулж байлаа. Менежер миний хувьд анхны том сорилт бас том туршлага болсон.
-Тухайн үеийн театрын менежерийн ажлаас сонирхоё. Мэдээж хүндрэлтэй зүйл их байсан байх, шинэхэн менежерт. Гэхдээ та үргэлж олны танил уран бүтээлчтэй ажилладаг гэдгээрээ өөрөөрөө бахархдаг байх?
-Тухайн үед чинь одоогийн дөрвөн менежерийн хийх ажлыг дан ганц менежер л хийдэг байлаа шүү дээ маркетингинй хувьд. Одоогийнх шиг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сурталчилгаа байгаагүй байсан үе. Харьцах хэвлэл мэдээллийнхэн хуруу дарам цөөхөн. Уран бүтээлийг олон түмэнд хүргэх гэж гадуур их л гүйдэг байлаа одоогийнх шиг маркетингийн машин тэрэг гэж байхгүй. Хүндрэлтэй, шантрах үе байсан ч хэдий ч өнөөдөр тэр бүгдийн даваад туулчихсан байна. Тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ ард түмэндээ хүндлэгдсэн олны танил нэртэй уран бүтээлчидтэй хамт ажиллана гэдэг, эрдмийн театрын эд эс болно гэдэг том хувь тохиол, миний бахархал.
-Таны анхны ажлын гараа ямар бүтээлээс эхэлж байсан бэ?
-Хамгийн анх театрт 2004 оны намар ороод Равжаа Хутагтын томоохон бүтээл болох “Саран хөхөө” туульсын жүжигт нэрт найруулагч Б.Мөнхдорж гуайтай хамтран ажиллах хувь тохиосон нь бахдалтай сайхан ч сүрдмээр, том даваа байлаа Тайз, дэлгэцийн алдар хүндтэй уран бүтээлчдийн дунд гэнэт орсон тэр сэтгэгдэл өнөөдөр ч сүрдмээр сайхан санагддаг. “Саран хөхөө” хэмээх энэхүү авшигтай бүтээлийг олон түмэнд хүргэхэд буян хишиг хурдаг гэж ихэд бэлэгшээж хүлээж авсан даа. Энэ миний драмын театрын ажлын маань эхлэл байсан. 2018 онд “Саран хөхөө” жүжгийг хамгийн сүүлд анх тоглож байсан туурив болох Өмнөговь аймгийн Ханбогд суманд театр бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон. Энд менежерээр ажиллаад, амжилттай тоглоод ирсэн.
-Та театрт ажиллаж байх хугацаандаа олон бүтээл дээр ажилласан. Бүсгүй, ээжийн тухай хамгийн дотно сэтгэлд тань үлдсэн ямар бүтээл байна вэ?
-Ээж, эмэгтэйчүүдийн тухай бичээгүй яруу найрагч, уран бүтээлч ховор. Эхийн тухай сэдэв өргөн цар хүрээтэй. Драмын театрын уран бүтээлийн санд ээжийн сэдэвтэй олон бүтээл бий. Миний хувьд ээжийн тухай 3-4 бүтээл дээр ажиллаж байсан. Эдгээр уран бүтээлээс хамгийн сэтгэлд үлдсэн бүтээл бол 2005 онд тайзны бүтээл болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн найруулан тавьсан “ЭЭЖЭЭ” орчин үеийн уянгын драмын жүжиг байлаа. Би уг жүжгийн ерөнхий менежерээр ажиллаж, бас их туршлага хуримтлуулж байлаа. Жүжгийн зохиолч Д. Мэндсайхан. Жүжгийн гол дүрд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин С.Сарантуяа болон тухайн үед тодрон гарч ирж байсан Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Б.Отгонбат, Д.Ганцэцэг гээд шижигнэсэн залуучууд тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Ээжээ жүжгийн дууг Гавьяат жүжигчин Ө.Уянга дуулж олон түмэнд хит болсондоо. Театрын танхим дүүрэн үзэгчтэй энэхүү уран бүтээл сэтгэлд тод үлдсэн. Мөн “Оролмаа эх”, “ Бүүвэй” гээд олон жүжгүүд байнаа.
-Таны ээжийн тухай сонсмоор байна. Ээжийгээ хамгийн сүүлд баярлуулсан мөчөөсөө хуваалцаач?
-Миний ээжийг Долгор гэдэг. Цагаан дарь эхийн хураангуйг Долгорын дува гэдэг юм билээ. Одоо төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн Баацагаан сумандаа Бөөнцагаан нуурынхаа хөвөөнд аж төрж байгаа. Ээж минь насаараа нутагтаа ажиллаж, одоо бол тэтгэвэртээ суугаад эрдэнэт сүргээ өсгөн үржүүлж, Долгын зузаан цагаан ааруул гэдгээрээ алдаршсан жирийн нэгэн саальчин эх хүн. Ачтан, буянтан ээжийгээ сайн л явж баярлуулах юмсан гэж боддог. Асар их ач буяныг нь хариулахад амьдралын хугацаа ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Ээж маань намайг “Алдарт эх”, “Дархан бэр” болоход ихэд баярлаж, төрдөө үнсүүлж Хөдөлмөрийн хүндэт медаль авах үед алтан тайзан дээр маань гарч ирж үнсэж байж билээ. 2015 онд “Хувь ерөөл хувь хүнээс” анхны номоо ээждээ зориулан гаргаад гуравдугаар сарын 8-ны өдөр ээждээ шуудангаар илгээж байсан. Тухайн үед ээж маань хөөр баяртайгаар охиныхоо бэлгийг авлаа гэж хэлж байсан. Үргэлж ижийнхээ дэргэд байж чадахгүй ч гэсэн өөрийн чадлаараа баярлуулахыг хичээдэг. Хүн ер нь ээж аавдаа үнэтэй цэнэтэй зүйл авч өгөхөөсөө илүүтэй санаа сэтгэлийг нь зовоохгүй, зөв, сайн явж, жилдээ ядаж очоод зогочиж байвал тэдний маань хувьд том жаргал шүү дээ.
–Эмэгтэйчүүдийн баяраар хүн бүр л ээжийгээ, гэргийгээ, найз охиноо баярлуулах гээд л хичээгээд байгаа харагддаг. Таны бодлыг сонсмоор байна?
-Баярлуулалгүй л яахав, бусдад таалагдах гэж, бусдаас илүү харагдах гээд хэлбэр хөөсөн тийм зүйлд би үнэхээр дургүй. Хэт туулширч биенээсээ дээр гарах гэж эрчүүд маань бүсгүйчүүдээ баярлуулж байгаа нь энэ гээд л хэтэвчээ хоослон байж баглаа цэцэг, брэндийн ус барьж гүйхээсээ илүүтэй үнэхээр хэн нэгнийг баярлуулах гэж байгаа бол хайраар л дутаахгүй байх нь чухал. Тэр чинь л томоос том бэлэг. Олон мянган Монгол сайхан ээжүүддээ, Охид бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.
Ингээд баярын өдөр зорьж ирэн ярилцсан сэтгүүлч танд баярлалаа. Энэ дашрамд танд болон Улсын драмын эрдмийн театртай маань хамтран ажилладаг Урлагт элэгтэй Урлаг соёлын албаны нийт сэтгүүлчиддээ Монгол Улсад Сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын мэндийг хамтатган хүргэе. Та бүхний өмнө үргэлж нээлттэй байдаг театрын уран бүтээлүүдээр эргэн уулзацгаая. Баярлалаа.
Холбоотой мэдээ