Дэлхийн медальтан эмэгтэй тамирчид

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн медальтан эмэгтэй тамирчид

Дэлхийн медальтан эмэгтэй тамирчид

Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа эмэгтэй тамирчид нэмэгдсээр байна. “Рио 2016” олимпийн наадмын дараа Монголын эмэгтэй тамирчдаас жүдо бөх, чөлөөт бөх, хүндийг өргөлт, бокс болон бодибилдингийн ДАШТ-ээс медаль хүртсэн онцлох тамирчдыг танилцуулая. Мөн пара таеквондогийн тамирчин өндөр амжилтыг үзүүлж, “Токио 2020”-н эрхээ аваад байгаа мэдээлэлтэй гуравдугаар сарыг угтлаа.

БОКС:

Боксын эмэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, 77 орны 333 боксчин медалын төлөө ширүүн тулааныг хийсэн. Манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргалын удирдлага дор долоон боксчин тулалдсан ч 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болсон анхны тамирчин болсон юм.

М.Нандинцэцэг энэхүү амжилтаараа Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд том бэлгийг барьсан билээ. Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, дэлхийн цомын мөнгөн медальт М.Нандинцэцэг энэхүү амжилтаараа шилдгийн шилдэг тамирчинд олгодог “Бөртэ чоно” шагналын эзэн болсон юм.

ЧӨЛӨӨТ БӨХ:

Унгарын Будапешт хотод 2018 оны аравдугаар сард чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. 72 кг-ын жинд Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртэж, нэгэн шинэ амжилтын эзэн юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас ДАШТ-ээс дөрвөн медаль /1 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн анхны тамирчин болсон. Энэ жил 30 настай О.Насанбурмаа ДАШТ-д хамгийн олон буюу 10 удаа оролцжээ. Мэдээж тэр энэхүү амжилтаараа “Бөртэ чоно” шагналын эзэн болсон юм.

Унгарт болсон ДАШТ-ий 59 кг-ын жинд Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалын буухиаг үргэлжлүүлсэн. Б.Шоовдор 2015 оноос Үндэсний шигшээ багийн тамирчин болсон бөгөөд “Лас Вегас 2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглон медальтан болсон юм. Тэрбээр “Хөх чоно”, “Ганьт” клубуудэд, 2013-2016 онуудад “Цастын барс” клубт, одоо “Хасу Мегастарс” клубт харьяалагдаж байна.

Б.ШООВДОР /Зүүн гар талаас/

2017 оны наймдугаар сард Францын Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын эмэгтэй тамирчдын цорын ганц медалыг П.Орхон авчирсан юм. 60 кг-д өрсөлдсөн М.Орхон бүхий л өрсөлдөгчөө хожиж, Төрийн дууллаа эгшиглүүлж, дэлхийн аварга болсон. Тэрбээр энэхүү амжилтаараа Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан.

Харин 2018 онд Индонезид болсон Азийн наадмын үеэр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир П.Орхоны барилдах эрхийг 2020 оны есдүгээр сар хүртэл хассан. Түүний Азийн наадмын алтан медалыг хүчингүй болгосон юм.


ЖҮДО БӨХ:

2017 оны жүдо бөхийн ДАШТ-д Монголын эмэгтэй баг тамирчдаас олимпийн хүрэл медальт, Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн юм.  Энэхүү тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн М.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Мөн Б.Мөнгөнчимэг Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан.

Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ:

“Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг шагналт долдугаар байрыг эзэлсэн юм. Тэрбээр 18 насандаа олимпийн наадамд өрсөлдөн огцомоор 106 кг, түлхэлтээр 131 кг-ыг өргөжээ. Тэгвэл олимпийн наадам өндөрлөсөний дараа арванхоёрдугаар сард АНУ-д насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын хүндийн өргөлтийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн.

М.Анхцэцэг 75 кг-д огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний үеэр түүний гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтөд оролцоогүй билээ. М.Анхцэцэг Монголын эмэгтэй туйваанчдаас ДАШТ-ий медальтан болсон анхны тамирчин юм. Тэрбээр 2018 онд хүүтэй болсон бөгөөд гэр бүлийн хүн жүжигчин Б.Золжаргал билээ. М.Анхцэцэг энэ оны нэгдүгээр сараас бэлтгэлдээ орсон байна.

БОДИБИЛДИНГ:

Г.Угалзцэцэг хэмээх эмэгтэй 34 насандаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж фитнессээр хичээллэсэн ч удалгүй өөрийгөө дайчлан тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 2015 онд Тайланд болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцож, эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд түрүүлэн дэлхийн аварга болж байсан юм. Тэгвэл энэ амжилтаа дөрвөн жил дараалан хадгалж чадсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх хүндтэй шагналаар шагнасан.

М.Уранцэцэг бодибилдинг, фитнессийн спортоос төрсөн анхны эмэгтэй гавьяат тамирчин юм.

ПАРА ТАЕКВОНДО:

2017 оны аравдугаар сард Английн Лондон хотод болсон пара таеквондогийн ДАШТ-д Монголын тамирчин өндөр амжилтыг үзүүлж, төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлсэн. Эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д өрсөлдсөн М.Энхтуяа аваргын алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг авчирсан юм. Мөн тухайн ДАШТ-ий “Шилдэг тамирчин” өргөмжлөлийг авсан. М.Энхтуяагийн энэ амжилт Монголын таеквондогийн түүхэнд олон олон амжилтын эхлэл байсан юм.

2019 оны хоёрдугаар сард Туркэд болсон Пара таеквондогийн ДАШТ-ий К44 ангиллын 49 кг-д М.Энхтуяа өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэнээр “Токио 2020” паралимпийн наадмын эрхийг авсан. Тэрбээр Монголын таеквондогийн түүхэнд эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байгаа тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж