Тус хөрөнгөөр, 2011 онд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад 1,2 тэрбум, иргэдийг үер усны гамшгаас хамгаалах зорилгоор үерийн барилга байгууламж барихад 600 сая төгрөг, Энхтайвны өргөн чөлөөний Ионсейн явган хүнд зориулсан нүхэн гарцын инженерийн шугам сүлжээний ажилд 91 сая, Улаанбаатар хотын хаягжилтын ажилд 100 сая, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын барилгын засварт 1 тэрбум төгрөг тус тус зарцуулах юм байна.
Мөн эдгээрээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр нийслэлийн ард иргэдийн аюулгүй тайван амьдралд зориулахаар 112 сая төгрөг батлуулсан байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын албыг бэхжүүлж морин болон нохойтой эргүүл ажиллуулахад энэ мөнгийг зарцуулах гэнэ. Түүнчлэн хөрсний ус ашиглах ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр Улаанбаатар хотын барилга байгууламжууд ирэх жилээс гүний усыг ахуйн зориулалтаар хязгаартай ашигладаг болох юм.
Цаашид хотын баруун дүүрэг болон Яармагийн дэнж дээр баригдах орон сууцны барилгуудын усны хэрэглээг хөрсний усаар хангах ажил дээрх хөрөнгө оруулалтаар шийдэгдэх юм.
Улаанбаатар хот хөрсний усны нөөц ихтэй ба өнгөрсөн жилээс хотын гудамж талбайд байгуулсан усан оргилууруудыг хөрсний усаар ажиллуулж буй ажээ.