З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Ээлжит бус чуулганы хуралдаан зарлагдаж, хэд хэдэн хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж  ирж байх шиг байна?

-Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокурорын орлогчийг томилох нэр дэвшигчийг оруулсан байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх саналаа хүргүүлсэн. Мөн АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас мөн хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож, УИХ-д өргөн барьсан байгаа.

-ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа. Ерөнхий прокурорын  зүгээс асуудлаа оруулах болов уу гээд хүлээж байгаа.

-ЗХЖШ-ын дарга эзгүй үед цэргийн ангиудад хариуцлага алдаж, цэргүүд амь насаа алдсан хэрэг гарсан. Яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Ер нь маш олон сарын хугацаанд ЗХЖШ-ын даргыг томилохгүй яваад байсан юм бэ?

-ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан байгаа.  ЗХЖШ-ын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар нь ажлаа хийж байгаа. Хамгийн сүүлд Дорногьовь аймагт Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албан хаагч амиа алдсан. Саяхан дахиад нэг хугацаат цэргийн албан хаагч амиа алдлаа. Энэ талаар ЗХЖШ-аас тодорхой мэдээлэл хийсэн байгаа. Шат шатанд нь хариуцлага хүлээлгээд явна. Ер нь нэг байгууллага даргагүй удаан байж болохгүй учраас ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1991 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү. Бид Үндсэн хуулиа 1992 онд батлагдсан байхад энэ хуулиар дэглэм тогтоох нь хэр зохимжтой юм бэ ?

-Энэ хуулинд ямар ч буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Яг өнөөдрийнх шиг үйл явдал өрнөсөн. Тухайн үед "Эрдэнэт" үйлдвэр удирлагагүй болсон учраас онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр ч гэсэн үүссэн нөхцөл байдал нь “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй, 49 хувь нь байгаа эсэх нь мэдэгдэхгүй нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байгаа. Хүчинтэй хуулийн жагсаалтад байгаа бөгөөд цаашид ч энэ хуулийг хэрэглэх боломж гарна. Энэ бол зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

-ҮАБЗ хуралдсан гэсэн ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэдэг шийдвэр гаргасан. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензүүдийг улсын мэдэлд авна. Үүн дотор элс хайрга, түгээмэл тархацтай гэх мэт олон янзын лиценз бий. Үүнийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй "Эрдэнэт" үйлдвэртэй  холбоотой үйл явц.  Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зогсоохыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн аюулгүй байдал үүсгэж болзошгүй  үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож ажиллахыг зөвлөсөн байгаа.

-Тухайлбал ямар орд газар байна вэ?

-Тухайлбал, Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гэх мэт бүгд орно. 1997 оны хуулийг ашиглаж авсан хуулийг ашиглаж лиценз авсан бүх лицензийг төрд буцааж авна. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэтэрхий  хараат болсон асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Бүх экспортын бараа нэг л улс руу гардаг болсон байна. Үүнийгээ олон улс руу гаргадаг болгохын тулд онцгой дэглэм гэх мэт цогц арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор хууль гаргах зөвлөмж өгсөн. Шаардлага гарвал онцгой дэглэм тогтоогоод явах боломжтой.  Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байгаа. Сайншандын төмөр замыг энэ онд, ирэх онд Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахыг үүрэг болгосон байгаа. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой"-н Засгийн газарт ногдох ногдол ашгаар Тавантолгойгоос зүүн тийш болон урагшаа чиглэсэн төмөр замуудыг дуусгахыг үүрэг болгосон байгаа. "Эрдэнэс Тавантолгой" нэг тэрбум  ам.долларын борлуулалт хийж, 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгийнхаа 85 хувийн ашгаар төмөр зам барьж, үлдсэн 15 хувийг иргэдэд ногдол ашиг тараах шийдвэрт ҮАБЗ хүрсэн. "Эрдэнэс Тавантолгой" өмнө нь IPO-д гаргасан 283 орчим тэрбум төгрөг гэх мэтийн зүйлүүдийг нь хүчингүй болгож, цэнэ хавар төмөр замын ажлаа эхлүүлнэ.

-Тэгэхээр "Эрдэнэ Тавантолгой" IPO гаргахгүй гэсэн үг юм уу?

-IPO гаргана. Гэхдээ IPO  гаргасан хойно олсон мөнгөнөөсөө хувь авдаг болохоос гаргахаасаа өмнө урьдчилж мөнгө гаргаад алдаж байсан. ҮАБЗ-аас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сайдад маш тодорхой үүрэг өгсөн. Урьдчилж мөнгө битгий зарлагад, мөнгө нь орж ирвэл хувь ав, орж ирэхгүй бол уучлаарай, үнэгүй ажил гэсэн үг.

-Тухайлбал, Цагаан суваргын ордыг төрд авахаар бол 400 орчим сая ам.доллар  төлж авах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлж байсан. Төр тэр мөнгийг төлнө гэсэн үг үү?

-Улс төлөхгүй. ҮАБЗ дээр энэ хууль буцааж үйлчлэхгүй гэдэг дээр маш сайн ойлголцсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн алт хайх хайгуул хийсэн бол түүнийг нь төрд буцааж авахгүй. Цагаан суваргын ордод Н.Номтойбаярын оруулсан хөрөнгө хэвээрээ байх ч харин газар доорх баялаг нь улсынх болно. Тэгэхээр улс Н.Номтойбаяртай гэрээ хийж улсын өмчийг гаргаж өг, гарч ирсэн баялаг нь улсынх харин гаргаж ирсэн хөлс нь Н.Номтойбаярынх болно гэсэн үг. Уурхай нь баригдсан бол ийм маягаар явна. Гэхдээ 400 гаруй ордын 95 орчим хувьд нь уурхай баригдаагүй юм билээ. Ажил нь явж байгаа уул уурхайн үйлдвэр маш цөөхөн. Харин үүнд Оюутолгой хамаарахгүй.

-Хувийн өмчид халдаж байгаа үйлдэл биш үү?

-Яагаад  гэвэл Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм. Улсын хувийн өмчийн зааг газрын гадаргуу, доорх хоёроор л ялгагдана. Байгалийн доорх баялагаа ашиглах талаар дэлхийн маш олон улс орон контрактаар уул уурхай ажиллуулдаг жишигтэй. Жишээлбэл, "Эрдэнэс Тавантолгой" шиг. "Эрдэнэс Тавантолгой"-оос гаргасан нүүрс нь улсын өмч, гаргасан нь улсын компани.

-Цагаан суваргыг авах саналыг Ерөнхийлөгч гаргасан уу?

-Ерөнхийлөгч Цагаан суваргын ордыг төрд  авах үүрэг өгөөгүй. Үндсэн хуульд заасанчлан байгалийн баялан ард түмний өмч. Ард түмний мөнгөөр хайгуул хийсэн бол бүх орд ард түмний өмч. Улсын төсвөөр  хайгуул хийсэн бол улсын өмч. Аз болоход энэ 400 гаруй ордын ихэнх нь уурхай бариагүй байна.

-Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгчийг холбодог. Гэхдээ энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон?

-Төмөр замын хэрэг бол зохиомол хэрэг. Төмөр зам бариагүйн буруутанг Ерөнхийлөгчид тохох гэж оролдсон.

-Нэр бүхий албан тушаалтныг чөлөөлснөөр хонгилыг нурааж чадах уу?

-Одоо УИХ-ын гишүүдээс хамаарна. Шүүх, прокурор хувийн компанийн мэдэлд орчихсон. Тэгэхээр ээлжит бус болон ээлжит чуулганаар томилгоо хйихээс өөр аргагүй.

-"Эрдэнэт"-ийн 51 хувь "Стандарт" банкинд алдлаа гэх мэдээлэл бас яваад байна?

-"Эрдэнэт"-ийн 51 хувийг "Стандарт" банкинд барьцаалаагүй байна гэж Ц.Нямдорж сайд маш тодорхой хэлсэн. Ямар нэг өмчлөлтэй холбоогүй маргаан байна гэж Засгийн газар үзсэн, Ерөнхийлөгч ч тийм саналтай байгаа.

-Таныг Төрийн өмчийн хорооны дарга байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг хоёр хуваасан учраас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьд давуу эрх олгогдсон гэх мэдээлэл байна?

-Хоёр хуваасан зүйл байхгүй. "Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулйн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг та УИХ-ын дарга байхдаа томилсон. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанкнаас мөнгө гаргасан гэж байгаа?

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг нэр дэвшүүлсний дагуу томилсон. Хэрвээ Монголбанкнаас мөнгө гаргасан гэвэл Н.Золжаргал өөрөө  мэдэгдэл хийх хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж