"Ц.Пүрэвтүвшинг цагдаа нар хууль зөрчиж баривчилсан"

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

 "Ц.Пүрэвтүвшинг цагдаа нар хууль зөрчиж баривчилсан"

Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшиний  өмгөөлөгч С.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас  барьсан.  Тус баривчилгааг хууль зөрчсөн  зөвшөөрөлгүй баривчилгаа гэж яригдах боллоо. Энэ үнэн үү?

-Гуравдугаар сарын 5-ны өглөө 06.00 цагт Ц.Пүрэвтүвшин над руу залгаад “Намайг гэрээс гараад явж байтал Эрүүгийн цагдаагийн газрын дөрвөн хүн баривчилчихлаа. Эрүүгийн цагдаагийн газар аваачиж байцаана гэсэн" гэж хэлсэн. Өгөөлний 07.00 цагт Эрүүгийн цагдаагийн газарт  очиход Эдийн засагтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ж. Батсайхан Ц.Пүрэвтүвшинээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар байцаалт авч байсан. Ингээд сүүлдээ  Ц.Пүрэвтүвшиний ашигладаг  хоёр гар утсанд хойшлуулшгүй журмаар үзлэг хийнэ гэх шаардлага тавьсан. Эхэндээ бид зөвшөөрөөгүй. Учир нь  тухайн үед үзлэг хийх прокурорын зөвшөөрөл байгаагүй. Удалгүй прокуророос зөвшөөрөл ирсний дагуу “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төв оффис болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Blue sky towerийн наймдугаар давхар 801 тоот ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Нэгэнт л прокурорын зөвшөөрөл гарсан  болохоор бидэнд эсэргүүцэх  шалтгаан байгаагүй. Тус ажиллагаанд  ч саад болоогүй. Бидний зүгээс хуулийн дагуу ажлаа явуулаарай гэх шаардлагыг тавьж байсан.

– Тухайн өдрийн баривчилгаа нь чухам хуулийн  ямар зүйл заалтыг зөрчсөн  юм бэ?

-Прокурорын хяналт доор бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрынхан ямар нэгэн прокурорын зөвшөөрөл авалгүй ажиллагааг явуулсан. Бид  энэ асуудлаар маргааш өглөө нь  тус хэрэгт хяналт тавьж байгаа Улсын ерөнхий прокурорын газрын  хяналтын прокурор П.Энхболд  прокурорт гомдол гаргасан. Үүнийг өнөөдөр хэлэлцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-ийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаанд  зайлшгүй оролцуулах шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Учир нь Ц.Пүрэвтүвшинг өглөө гэрээсээ ажил руугаа явах  хооронд дөрвөн залуу баривчлаад Эрүүгийн цагдаагийн газар авчирсан. Нөгөө талаас “Монголиан коппер корпорейшн” ХХК ажлын байранд нэгжлэг хийхдээ  ажлын газраас хурааж авсан зүйлийг бидэнд танилцуулах ёстой .Хураан авсан эд зүйлийн баримтуудын жагсаалт тэмдэглэл зэргийг бидэнд танилцуулаад  эх хувийг бидэнд өгөх ёстой. Энэ нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийх үеэр ямар,  ямар зүйлсийг хураан авсан  бэ?

-Шаардлагатай гэж үзсэн  оффист байсан  бүх баримтуудыг хураан авсан. Тухайлбал, өөр байгууллагатай гэрээ байгуулсан гэрээ, албан бичиг, компанийн бусад материал,үүнээс гадна долоон ажилчдын компьютер зэргийг авч явсан.

Орой нь 21.00 цагийн үед хойшлуулшгүйгээр албадан саатуулна гэхэд нь мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл байгаа эсэхийг асуусан. Гэвч прокурорын зөвшөөрөл байхгүй байсан.

Прокурор зөвшөөрсний үндсэн  дээр тухайн хүнийг баривчлах ёстой. Тэдгээр хүмүүсийг шөнө 00.00 цагийн үед хорих 461 дүгээр анги руу авч явсан.

ТӨРИЙН МӨНГӨӨР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВААГҮЙ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/  Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг суллах шийдвэр гарсан. “Монголиан коппер корпорейшн” ХХК шүүхэд нөлөөлсөн гэж харах хүмүүс цөөнгүй байна.

-Компанийн зүгээс шүүхэд нөлөөлөх гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Шүүх хурал  өчигдөр 15.00 цагт болсон. Шүүхээс гарсан захирамжид дурдсанаар  “ Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг мөн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ц.Пүрэвтүвшин прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан болох нь тогтоогдоогүй учир тус баривчилгаа нь хууль бус. Иймд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан Ц.Пүрэвтүвшин гэмт хэрэг үйлдсэн гэх  хангалттай баримт байхгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн тавдугаар зүйлийн нэг дахь хэсгийг зөрчиж баривчилсан гэх үндэслэлээр суллах нь зөв” гэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК, Худалдаа хөгжлийн банкныхан /ХХБ/  төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэж мэдээлсэн шүү дээ. Энэ асуудал үнэн үү?

-Төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх асуудал байхгүй. Хуулийн дагуу л явж байгаа. Төрийн мөнгөөр биш  ХХБ-аас журмын дагуу зээлсэн.

Ц.Пүрэвтүвшинг  дахиж хорихгүй гэсэн баталгаа бий юу?

-Миний харснаар   цагдаагийн   байгууллагын үйл ажиллагаанд эрх бүхий хүмүүс  нөлөөлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж