Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Супер лиг"-ийн плэйоффын тоглолтууд болж байгаа билээ. Одоогоор аваргын алтан медалийн төлөө "Дундговь Альянс Тех Харцага", "Дорнод Танан Гарьд", хүрэл медалийн төлөө “SBL Хасын Хүлэгүүд”, "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багууд шалгараад байна.
"Супер лиг"-ийн хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд болно. Харин аваргын цуврал тоглолт ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэх аж.
Тус холбооноос Үндэсний супер лигээс гадна олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулж, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Харамсалтай нь сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид зохисгүй авир гаргаж байгаа талаар холбооны зүгээс харамсаж мэдэгдэл гаргажээ.
Энэ жилийн "Үндэсний супер лиг"-ийн хувьд анх удаа 11 баг оролцож байгаа бөгөөд баг бүрт 2-3 легионер тоглож тоглож байна. Мөн эмэгтэй Супер лигийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй гадны шүүгч нар шүүж байгаа зэрэг олон давуу боломжийг үзэгчдэд олгож байгаа аж. Харин тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаад зохион байгуулагчдын зүгээс харамсаж байгаагаа илэрхийлэв.
Мэдэгдэлд, “Үндэсний супер лигийн плэйоффын тоглолтууд амжилттай үргэлжилж гал гарсан ширүүн, өрсөлдөөнтэй тоглолтоор үзэгч биднийг баясгаж байна.Сагсан бөмбөгийн талбай дээрх ялалт, амжилтын төлөө тоглогчид байгаа бүх боломж, хүчээ дайчлан спортын өрсөлдөөн үзүүлж байна. Харамсалтай нь сагсан бөмбөгийн дэмжигчид, ухамсаргүй зарим залуус ус, ундааны сав талбай руу шидэх зэрэг спортын дэмжигчийн бус, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, бүр хэтрэн тоглогчийг гэмтээсэн тохиолдол гарлаа. Улмаар Үндэсний супер лигийн Финалын тоглолтуудад энэхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан үзэгчийг Олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж Цагдаагийн байгууллагын тусламжтай Спортын төв ордноос гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үзэх эрхийг нь хасах, шүүгч, тоглогч, зохион байгуулагчийн биед халдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад хандан холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.” гэсэн байна.
Ч.БОЛОР