Энэ жил Улаанбаатар төмөр замын 70 жилийн түүхэн ойг угтаж зохиох ажлын хүрээнд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага Ахмадын байгууллагуудтайгаа хамтран улсын хойт хилийн өртөө Сүхбаатараас өмнөд хилийн боомт Замын-Үүд хүртэлх төмөр замын өртөө зангилаадуудаар явж 1500 гаруй төмөр замчидтай “Ахмад залуу үеийнхний уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ. Өнөөдөр энэхүү уулзалт арга хэмжээг Улаанбаатар зангилааны төмөр замчидтай зохион байгууллаа.
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмад залуу үеийнхний уулзалт зөвлөгөөн” нь гурав дах жилээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам чанаржиж, төмөр замчдын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг болжээ.
Уулзалт зөвлөгөөний зорилго нь ахмад үеийнхний баялаг туршлага, хөдөлмөрч дайчин чанар, хариуцлага, сахилга батыг залуучуудад уламжлан өвлүүлэхэд чиглэдэг юм. Эдгээр чанарыг залуучуудад өвлүүлэх нь УБТЗ-ын өмнөө тавьсан үндсэн зорилтуудыг амжилттай биелүүлэх үндсэн нөхцөлүүдийн нэг болно гэж уулзалтад оролцогсод үзэж байна. Өнгөрсөн жил УБТЗ-ын хамт олон 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргахад урьд жилүүдэд зохион байгуулсан ахмад залуу үеийнхний уулзалт тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн болов уу гэж ахмадууд ярьж байна.
Залуу үедээ баялаг туршлагаа өвлүүлж, үнэтэй сургаал, зөвлөгөөгөө харамгүй хайрлаж байдаг ахмадууддаа УБТЗ-ын захиргаа талархаж байдгаа уулзалтын үеэр илэрхийллээ.
УБТЗ нийтдээ 7 мянга шахам ахмадуудтай бөгөөд тэдгээр ахмадуудтайгаа УБТЗ-ын захиргаа ойр дотно ажилладаг юм.
Холбоотой мэдээ