Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд осол гарснаас хойш 10 хонох гэж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр осол гарч зургаан хүн нурангинд дарагдсан. Осол 16.00 цагт гарсан бөгөөд тус компанийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж зургаан хүн дарагдсанаас хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.
Аврагчид гуравдугаар сарын 2-ний өдөр 19.04 цагт нэг иргэнийг цогцсыг, гуравдугаар сарын 3-ны өдөр 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өчигдөр /2019.03.06/ 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ. Одоогоор үлдсэн ганц хүний цогцсыг шавар дундаас хайж олохоор ажиллаж байна.
Аврагчид Булган аймгийн иргэн 34 настай О-ийн цогцсыг хамгийн эхэнд гаргасан бол дараа нь 5-6 метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн 53 настай Г-ийн цогцсыг , өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Б-ийн цогцсыг лаг шавар дотроос тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Үлдсэн ганц хүн нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн 38 настай П аж.
Тус компанийн удирдлагуудын зүгээс ослыг газар хөдлөлтөөс болж гарсан байж болзошгүй гэж өөрсдөө дүгнэж буй.
Ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон ч прокурор зөвшөөрөл өгөхөөс нааш ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороог зөөвөрлөх, усыг соруулан үлдсэн нэг иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна "Эко-Алтан Заамар" ХХК-ийн зүгээс амь эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдсэн юм. Тус компани монголчуудад баян Базараа нэрээрээ танигдсан Ч.Базараагийнх юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ