“Элэгний эмгэггүй Архангай” төслийг богино хугацаанд ард иргэд олон талын оролцоотойгоор зөв зохион байгуулан, нарийвчилсан төлөвлөлттэй хэрэгжүүлэн амжилтад хүрсэн туршлага, сургамжийг Ази номхон далайн бүсийн элэгний өвчин судлаачид, шийдвэр гаргагч нарын дунд хэлэлцүүллээ.
“Элэгний эмгэггүй Архангай” төсөл нь 2016 оноос эхлэн хоёр үе шаттай хэрэгжиж, Архангай аймгийн 40-65 насны хүн амын 89 хувийг, 15 наснаас дээш бүлгийн хүн амын 60 гаруй хувийг элэгний С болон В вирусийн илрүүлэгд хамруулжээ. Нийтдээ 2379 элэгний С вируст гепатитын халдвартай хүнийг эмчилгээнд бүрэн хамруулан, эмчилгээний үр дүн 99,6 хувь амжилттай хэрэгжиж байгаа аж. Түүнчлэн тус төслийн хүрээнд элэгний хорт хавдар өвчний эрт илрүүлэг сайжирч, нийтдээ 56 тохиолдлыг хавдрын эрт үеийн эмчилгээнд хамруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бүсийн улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, бүсийн улс орнуудад вируст гепатитыг устгахаар байгуулагдан ажиллаж буй бодлого боловсруулагчдын эвсэл (CEVHAP)-ийн төлөөлөл оролцсон форумд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцож төслийн зохион байгуулалт, хүрсэн үр дүн, сорилт, сургамж, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Мөн цаашид бүсийн улс орнуудад туршлага болгоход хамтран ажиллах болно гэдгээ тэрбээр тус форумын үеэр илэрхийлсэн байна. Оролцогчид Архангай аймгийн төслийн хүрээнд бүх түвшинд олон талт оролцоог бий болгож, мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд явуулан, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачааллыг зөв зохион байгуулсан байдал зэрэг онцлог давуу талуудыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх сайн туршлага боллоо хэмээн дүгнэжээ.
Төслийн хүрээнд элэгний С вирусийн халдварын эрсдэлийн үнэлгээ, асуумжаар эрсдэлийг тодорхойлох томьёолол боловсруулсан, элэгний С вирусийн халдварын эмчилгээний амжилт, үр дүнд элэгний хатуурал буурсан талаарх тоо мэдээллийг боловсруулж, эрдэм шинжилгээний өгүүлэл болгон, Ази Номхон далайн бүсийн элэг судлаач эмч нарын дунд амжилттай хэлэлцүүлсэн аж. Түүнчлэн төслийн хүрээнд 40 –с дээш насны бүлгийн хүн амын дунд асуумжийн аргаар хурдан хугацаанд элэгний С вируст гепатитын халдвартай байх эрсдэл байгаа эсэхийг тогтоох томьёолол боловсруулан танилцуулсныг судлаачид сайшаан үнэлж, тус томьёог Монгол Улсын нийт 40-с дээш насны хүн амд хэрэглэх бүрэн боломжтойг дурджээ.