Гадаад хэргийн яамнаас 2014 онд хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, 2015 он гарсаар хийсэн ажлуудаа тайлагналаа. Энэ үеэр Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаагаас дараах асуултад хариулт авсан юм.
-Хилийн чанадад манай улсын иргэд амь насаа алдах тохиолдол сүүлийн саруудад цөөнгүй гарч, иргэдийг багагүй цочроолоо. Ямар шалтгаанаар амь насаа алдаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-2014 онд хилийн чанадад манай улсын 86 иргэн амь насаа алдсан байна. Тоо баримтаар авч үзвэл өвчний улмаас амь насаа алдсан иргэн цөөнгүй байна. Тодруулбал, өвчний улмаас 39, ослын улмсаас 15, золгүй тохиолдлоор 19, бусдын гарт зургаан иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. Мөн амиа хорлосон долоон хүн бий.
-Он гарсаар бас цөөнгүй иргэн амь насаа алдлаа шүү дээ?
-Тиймээ. 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 33 иргэн гадаадад нас баржээ. Өвчний улмаас найман хүн, золгүй тохиолдлоор зургаа, бусдын гарт гурван иргэн амь насаа алдсан байна.
-Амь насаа алдаж, хохирогч болохоос гадна гадаадад гэмт хэрэгт холбогдох нь ч цөөнгүй байгаа гэсэн?
-2014 онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна. Сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол хулгайн хэрэг гаарч байна. Зөвхөн БНХАУ-д л гэхэд манай улсын 171 иргэн саатуулагдан шалгадаж байна шүү дээ. Ийм тохиолдпол бүрт улс орны нэр хүнд унаж байдгийг мартаж боломгүй. Гадаадад байгаа зарим иргэд багахан хэмжээний атаархал, шуналын төлөө эх орныхоо нэр хүндийг уландаа гишгэж байна.
-Гадаадын иргэд ч манай улсад гэмт хэрэгт өртөх нь ихэссэн гэж байна. Энэ үнэн үү?
-Гадаадын иргэд ч манай улсад гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд байна. Өнгөрсөн 2014 онд 53 иргэн гэхэд гэмт хэрэгт холбогдож, 102 иргэн гэмт халдлагад өртсөн байна. Энэ тохиолдолд цаг тухайд нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл авч тухайн улсын Элчин сайдын яаманд нь мэдээлж байгаа.
-БНХАУ-д төөрсөн, эцэг эх нь орхисон хүүхдүүдийг эх оронд нь авчирсан байна. Гадаадад гараад төөрчихөөд байна уу, аль эсвэл өөр шалтгаан байна уу?
-Консулын газрын ажилтнууд, хилийн чанад дахь дипломатуудын ачаар урд хөршид хараа хяналтаас гарсан 16 хүүхдийг эх орондоо авчирсан. Зарим нь аав ээжтэйгээ очсон ч эцэг эх нь архинд орох, амь насаа алдсанаас хүүхдүүд хүний газарт орхигдож байна.
-Гадаадад ял эдэлж байгаа хэдэн хүнийг авчрахаар ажиллаж байна вэ?
-БНХАУ-д 36 иргэн ял эдэлж байгаагийн хоёр иргэнийг, Хонконгоос нэг иргэнийг, БНСУ-аас хүн амины хэрэгтэй холбоотойгоор ял эдэлж байгаа хоёр иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр эх нутагт нь авчрах талаар ярилцаж байна. Гэхдээ энэ ажилд багагүй хугацаа шаардана.
-Гадаадад амь насаа алдсан гэх томоохон хэргүүдээс тодруулах хэрэгтэй болов уу. БНХАУ-д он гарсаар хоёр ч иргэн амь насаа алдлаа?
-Өнгөрсөн гуравдугаар сард Эрээнд манай улсын иргэн н.Сумъяа амь насаа алдсан. Хэрэг гарсны дараа зургаан хоногийн дотор гэмт этгээдийг баривчилсан юм билээ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Эрээн дахь Консулын газраас авсан мэдээллээр хэрэгтэн шунахайн сэдлээр монгол эмэгтэйн амь насыг нь бүрэлгэсэн болов уу гэсэн мэдээлэл байгаа. Мөн талийгаач гарьд П.Сүхбат золгүй байдлаар амь насаа алдсан юм билээ. Зүрх нь хаагдсан байдалтай амь насаа алдсан бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлсэн. Тэгэхээр манай иргэдэд анхааруулах нэг асуудал бол өөрсдийн болчимгүй үйлдлээс болж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насаа алдах нь цөөнгүй байна. Саяхан Малайзад манай улсын иргэн О гэгч бүсгүй амиа алдсан. Хэргийг лавлахад дөрвүүлээ нийлээд архидсан юм билээ, тэгээд талийгаач цонхоороо үсэрчихсэн гэсэн. Хамт байсан хүмүүсийг нь шалгаж байгаа.
-БНСУ-д биеийнх нь ихэнх хэсгийг шатааснаас амь насаа алдсан монгол иргэний хэргийн мөрдөн байцаалт дууссан болов уу?
-Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Талийгаач н.Алтанзагас нь 1979 онд төрсөн, хамтран амьдрагч нь 1991 оных. Хамтран амьдрагч залуу нь цавуу асгаж, биеийнх нь 75 хувийг түлж шатаасан гэх юм билээ.
-Гадаадад тэр тусмаа БНХАУ, БНСУ-д монгол бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн мэдээлэл бий. Тэд та бүхэнд ханддаг уу?
-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хандаж байсан тохиолдол ер нь байхгүй шүү. Би Консулын газарт олон жил ажиллаж байна. Миний санаж байгаагаар 2007 онд Эрээнд манай улсын дөрвөн эмэгтэй манай консулд хандаж "Нөхөр паспорт хураасан” гээд хамгаалалтадаа авахыг хүссэн. Тэднийг эх орон руугаа явуулах гэж байтал "За болилоо. Монгол руу явахгүй. Харилаа" гэсэн тохиолдол бий. Түүнээс өөр хүчирхийллийн асуудлаар хандаж байгаагүй.
Д.ЖАРГАЛ