НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын урамшууллыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох болно гэж Татварын ерөнхий газраас мэдээлж буй. Тодруулбал, "Голомт", "Хас" банкаар буцаан олголтоо урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу шилжүүлнэ гэж тус газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг хэллээ. Тэрбээр “НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын мөнгөө аваагүй иргэдийн урамшууллыг олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох болно. Татварын ерөнхий газарт хандаж байгаа иргэдийн дийлэнх нь и-баримтаа бүртгүүлэхдээ аж ахуй нэгж илгээгдээгүй төлөв болон үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөвийг хэрхэн засварлах вэ гэсэн гомдол, саналыг тавьж байна. Иймд баримтаа нягталж оруулах нь зүйтэй” гэлээ.
“Голомт” банкны зүгээс НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломжийг иргэдэд олгосон байдаг.
Холбоотой мэдээ