УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс уг асуудлыг дахин байнгын хороодоор ярилцаж байж оруулж ирэхээр боллоо.
Эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Үндсэн чиглэлээ хаврын чуулганаар багтаад Үндсэн чиглэлээ өөрчилмөөр байна. Өнөөдөр эдийн засгийн хямрал нэрээр төсвөө танасан. Гэтэл үндсэн чиглэлд багтсан ажил яав гэхээр сайдууд нь мөнгө байхгүй, төсөв танагдсан гэдэг тайлбар хэлээд сууж байна. Тэгэхээр нэгэнт мөнгө нь байхгүй төсөл, арга хэмжээгээ үндсэн чиглэлээсээ хасах хэрэгтэй” гэсэн снаал гаргасныг гишүүд дэмжиж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Нийгмийн байдалд зөв дүгнэлт хийхээс түрүүнд эдийн засгийн хямралаар хөөцөлдөөд байна. Нэгдүгээрт өрийн асуудал нэлээд ноцтой болсон. Өр зээлийн хэмжээ аюулгүй байдалд нөлөөлөх вий гэдэг болгоомжлол байна. хоёрдугаарт хиймэл эрэлт дээр үндэслэсэн асуудал барилгын салбарт байна. Түүнээс тэгтлээ хямрал нүүрлэчихсэн юм алга. Сайн л ажиллах хэрэгтэй” гэсэн юм. харин Төсвийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Үндсэн чиглэл бодитой байх зарчмыг олон талаас нь ярьсан. Тодотгол хийдэггүй, төсөвтэйгээ уялддаггүй, төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байгаа зэрэг олон шалтгаанаар Үндсэн чиглэлийн биелэлт доголдох, тасалдах асуудал гарч байна. Тиймээс цаашдаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд оруулдаг болвол байдал дээрдэх байх. УИХ-аас гарах тогтоолын хавсралтдаа хэрэгжээгүй зорилтынхоо шалтгааныг тодруулж оруулахаар байнгын хороо шийдвэрлэсэн” гэж тайлбарласан.
Харин УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа төлөвлөлт, мониторинг , гүйцэтгэл аль ч тодорхойгүй явж ирснийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Төрийн байгуулалтын байнгын хороо Ажлын хэсэг гаргаж бичиг баримтын төлөвлөлтийг сайжруулах, одоо хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг хуулийн төслийн хоорондын уялдааг хангаж эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдэг санал хэлсэн юм.
Ингээд тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжээгүй учир дахин байнгын хороон дээр хэлэлцэхээр боллоо. Ингэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.ОТГОН