Хаврын улиралд иргэд хачигт хазуулснаас болж халдварт өвчин авах эрсдэлтэй байдаг. Одоогийн байдлаар Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хоёр хүүхэд хачигт халдварт өвчнөөр өвчлөн эмчлүүлж байна. Халдвар авсан хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хачиг тавдугаар сарын эх хүртэл амьтдад шимэгчлэн амьдардаг бөгөөд идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшдэг ажээ. Мэргэжлийн хэллэгээр бол риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг байна. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.
Иймд хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Онцын шаардлагагүй бол хачигны идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.
2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах
3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях
4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх
5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах
6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.
7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах
8. Ямаа, үхрийн түүхий сүүуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байхыг эмч мэргэжилтнүүд сануулж байна.
Д.ЦЭЭНЭ