Газар тариалангийн бүс нутгуудад ХХАА-н яамнаас тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх ёстой асуудалтай газар дээр нь танилцаж байгаа билээ. Хөвсгөл аймгийн тариаланчдын зөвлөгөөнд ХХААЯ-ны дэд сайд Б.Батзориг оролцож, үр тарианы чанарт хэрхэн анхаарлаа хандуулах хийгээд тулгамдаж байгаа асуудал юу байгааг нь сонсож, зөвлөлдлөө.
Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн жилийн тариалалтаасаа эхлээд аймгийнхаа хүн амын гурилын хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангах боломжтой болсон байна. Энэ жилийн тухайд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 60 гаруй аж ахуй нэгж, иргэд 13,8 мянган га-д тариалалт хийхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, дотоодын хэрэгцээт буудай, төмс 100 хувь, хүнсний ногоо 70 гаруй хувиар хангаж чадаж байгаа ч цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгааг тариаланчид онцолсон. Ялангуяа байгаль цаг уур, улирлын онцлогоос хамаарсан энэ салбарт төрөөс тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэйг тэд хэлж байна. Хөвсгөл аймгийн тариаланчид цаг уурын онцлогтоо тохирсон эрт болцтой чанар сайтай үр тариалах арга замыг байнга эрж хайх нь зайлшгүй хийх ёстой ажил болсоныг ХХАА-н дэд сайд Б.Батзориг онцолсон байна. Мөн төр засаг, тариаланчид, үйлдвэрлэгчид цаашдын хөгжлийн зорилгоо чиг болгоод хамтран салбараа хөгжүүлэх чухал үе ирсэн гэдгээ салбарын дэд сайд нь тодотгосон гэж ХХАЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.