Дэлхий эргэсээр, хавар, зун, намар, өвөл, хавар. Нэр нь хүртэл уяхан цэнхэр хавар. Нээрэнхээсээ хавар тэгэхээр бүсгүй хүн юм уу. Ирж яваа бүхний эхлэл бүсгүй хүн болохоор хавар, бүсгүй, хайр гурав хамтдаа оршдог ажгуу.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ
Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг
Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа
Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр. /А.Эрдэнэ-Очир. Хар нүдэн шүлгээс/
Тэд яг цэцэгс шиг. Арчилж тордох тусам улам үзэсгэлэнтэй, улам сайхан ургадаг. Амиа хувааж амь төрүүлдэг, алагхан үрдээ бүүвэйн дуу аялдаг. Ай, бүсгүй хүн чи хөгжим юмсан уу?
Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай…
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй /Д.Нямсүрэн. Үзэсгэлэнтэй төрсөн чи минь/
Ээжийн бүүвэйн дуу. Энэ дэлхийн хамгийн гоё аялгуу. Сэтгэлд минь үргэлж уяатай тэр аялгуунд тэр чигтээ хайр шингэсэн байдаг. Хайр шингээсэн тэр аялгууг харин эрчүүд магтан дуулдаг
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно… / Б.Лхагвасүрэн. Чамаараа би гоёдог/
Үйлийн үр минь, бүсгүй минь. Үргэлж инээмсэглэж явах хувь тавилангийн эзэд минь. Гэвч, тэд инээмсэглэхээ боливол цэцэгс шиг хагдарна. Дараа нь хаа нэгтээ мөс болон хөлдөнө.
Б.БАТ
Холбоотой мэдээ