Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөр бүсгүй бүр урьд урьдынхаас илүү үзэсгэлэнтэй харагддаг ч ээж болсон хүн нэг л онцгой харагддаг. Тэр дундаа буруу зөвийн учгийг зангидан үрдээ хайраа харамгүй зориулдаг монгол ээж бусдаас онцгой. Тиймээс энэ удаад зохиолч, олны танил хүмүүсийн ээжийнхээ талаар дурссан яриаг хүргэж байна.
МИНИЙ ЭЭЖ ХҮҮГЭЭ ЗАГНАХ МЭДЛЭГГҮЙ ХҮН БАЙСАН
-Ижийн таниулж өгсөн уул, усыг харж суухдаа хоёулаа аргал түүж явсан хамгийн дурсгалтай тэр сайхан мөчөө би дандаа боддог. Идэр залуу байхдаа ээжийгээ санаж “Ээждээ хүү нь очно” гэж богинохон шүлэг бичсэн. Дараагаар нь “Эхийн сэтгэл” гэж шүлгийг ээжийнхээ бурхан болсны дурсгалд зориулж бичсэн юм. Энэ шүлгийн өмнө “Ижийгүй намар” гэж мөн л ээжийнхээ дурсгалд зориулж, нэг шүлэг бичсэн. Би ээждээ зориулж гурван шүлэг л бичсэн хүн. Ээжийн тухай шүлэг бичнэ гэдэг ихээхэн зоригтой хүний хийх ажил. “Ижий минь та сайхан хүн байсан”, “Та сайн хүн байсан” гэж зарим хүн шүлэгтээ бичдэг. Ижий тэртэй, тэргүй сайхан. Ийм л учраас эхийн тухай шүлэг бичнэ гэдэг их хэцүү.
Миний ээж нэг л дутагдалтай хүн байсан. Хүүгээ хайрлахаас өөр юмыг мэддэггүй байсан. Хүүхдээ загнаж чаддаггүй нэг л мэдлэггүй хүн байсан. Миний хийсэн хамгийн том нүгэл гэдэг юм уу, юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Аавынхаа хурдан мориных нь уяаны хэцийг, гэрийнхээ гүүн зэлийг хураагаад, гэрийнхээ хамаг хөрөнгийг нь нутагт нь орхиод, нэг муу гэртэй нь л Улаанбаатарт авчирч, айлын хашаанд буулгасан. Аавыгаа бэлтгэл контор гэж арьс шир цуглуулдаг газар агентын морин тэрэг хөтлүүлээд, муу ээжийгээ хотод авчирч хар цай уудаг хөгшин болгосон. Би 30 жил гуйлгачин байлгасан. Би боддог юм. Яасан их ачтай, яасан их хүүдээ хайртай улс байж дээ гэж. Энэ бол өндөр их хайр юм. Түүнээс “Энэ хүүхэд сургуульд сурах юмаа сураад ирнэ биз” гээд хэдэн цаас өгөөд явуулна л биз. Тэгээгүй, хойноос минь дагаж ирж, хотоо харлуулж, хормойгоо сэгсэрсэн дээ.
Алс газраас хаанаас ч байдаг юм, нүүж байгаа үүлэн дундаас аав, ижий хоёр минь намайг харж байгаа байх гэж боддог.
Залуу үедээ захихад ижийтэйгээ байгаа нь ээжийгээ хайрла. Ижийгүй болсон нь ээжийгээ бурхан мэт сэтгэлдээ шүтэж, хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж яв. Хаа нэгэн газраас, саяын миний хэлдгээр нүүгэлтэж байгаа хангай дэлхийгээс, нүүж байгаа үүл, тэнгэрээс ижий аав чинь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлээ сайхан зохицуулж, эрдэм номдоо шамдаж, муу үйлс бүхнээс хол яв. Энэ л аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр юм. Аав, ээжийн ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Ижий, ааваа мөнх юм шиг санаж болдоггүй юм. Энэ орчлон хатуу. Гэнэтхэн би ээжийгээ санаад уйлдаг. Яагаад л өнчин хурга шиг уйлаад явдаг юм бол доо гэж боддог. Үүнийг би тэднийхээ ачийг хариулж чадаагүй юм болов уу даа гэж боддог. Үгүй бол аав, ижий хоёрынхоо ачилж хайрласныг марталгүй санаж явдаг сайн хүү юм болов уу даа ч гэж бодно. Дахин дахин хэлэхэд сайхан эх орноо хайрлаж яв. Аав, ээж хоёроо хайрлаж яв. Ертөнцийг хайрлаж, энэ бүхнийг хайрласнаар танаас юу ч алдагдахгүй. Харин танд энэ бүхний энэрэл хайр, өөрийг чинь ивээж хайрлах болно.
ЭЭЖИЙНХЭЭ ӨВӨРТ БАЙХАД ЕРТӨНЦИЙН ЭНЭРЭЛД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ
-Ээжийгээ бодохоор л миний онгод ордог. Ээжийн тухай хорь гаруй, аавын тухай арваад дуу бичжээ. Ээждээ олон шүлэг бичих өртэй юм шиг байна. Амьд байхад нь хараад л шүлэг бичдэгсэн. Хүн ер нь ээждээ үнсүүлж, ээжтэйгээ ярилцаж баймаар юм билээ. Солгой хоолойтой байна уу, үгүй юу тэр хамаагүй ээждээ л зориулж дуулж бай. Хүн ээж, аавыгаа л бичих ёстой. Тэрийг л дуулах ёстой. Ингэж л хийсэн бүх алдаагаа цагаатгаж, ариусдаг юм шиг ээ.
Энгийн нэг зүйл ярихад би МҮОНТ-д ажиллаад 40-өөд жил боллоо. Манай гэрт мөн ч олон зураглаачид ирдэг байлаа. Ажлын чөлөө, цайны завсарлагаанаар, хөдөө гадаа явах хүртэл хөхрөлдөөд манайд цугладаг байлаа. Гэтэл би нэг ч удаа ээжтэйгээ хамт байгаа зураг авахуулж чадаагүй юм. Одоо маш их харамсдаг. Тиймээс хүмүүс минь ээжтэйгээ сайхан ярилц. Би 47 настайдаа ээжийнхээ өвөрт унтаж байсан. Үүнээс хойш ээж минь таван жилийн дараа мөнх бусыг үзсэн. Ээжийн өвөрт унтах үед “Өө энэ чинь дэрлийчээд өвөрт ороод ирлээ. Эрүүл байгаа юм уу, согтуу байгаа юм уу” гээд эхнэрээс минь асууж байлаа. Ер нь ээжийнхээ өвөрт байхад ертөнцийн энэрэлд байгаа юм шиг надад санагддаг.
Хорвоод хамгийн хэцүү зүйл ижийгээ санах байдаг. Хүнд өөр зовлон гэж байхгүй. Ээжийгээ алдсаныхаа дараа “Би ээжийгээсээ хойш өтөлсөн” гэж шүлэг бичсэн. Даанч цээжээр санахгүй байна. Гэхдээ тэр шүлгэнд “Үнсүүлэх хүн олдохгүйдээ хацар минь хагарч үзсэн” гэж бий. Тиймээс хүмүүс минь ээжийнхээ сэтгэлд л ойр бай.
Ээж, аавын зай нэг л өдөр ханхайж, нэг л өглөө хацар эзгүйрэх цаг ирнэ. Энэ зовлон мөртлөө хатуужил. Харамсахгүйн тулд, бүтэн сайхан байхын тулд үргэлж ээжийгээ хайрлаж бай, захидал бич, ярилц. Би Багшийн дээд сургуулийн оюутан байхдаа дөрвөн жилд ганц л удаа гэр рүүгээ захидал бичсэн юм. Мөн ч тэнэг ээ. Төгсөх курстээ хоёр удаа ойрхон утсаар ярихад “Хүү минь бие нь зүгээр байгаа. Яасан юм болоо” гэж ээж минь айж байсан. Тийм болтол нь би айлгачихсан.
Орчлонгийн өмнө бүдчээд шулуун сэтгэлээ тахийлгаад, чулуу няслаад ирэхийн цагт, цаанаа л нэг бөхийж, гутлаа даахгүй гуних өдөр гардаг. Энэ үед юун түрүүнд ижийтэйгээ л учирламаар санагддаг. Бид нар уяхандаа, сайхан сэтгэлтэйдээ, бид нар ээжийгээ мөнх юм шиг санаж боддогтоо дөлдөг болохоос биш ижийдээ хайргүйдээ цөөхөн дуугарч, ижийдээ хайргүйдээ захидал бичдэггүй биш л дээ. Бид хамгийн ойр, хамгийн дотно хүндээ урмын үгээ харам хэлдэг юм байна лээ. Хүн айхаараа ээжийгээ дууддаг, морь бүдэрсэн ч ээж минь гэж уулга алддаг шиг өдөр бүр ээждээ баярлалаа гэж хэлж байгаарай. Нэг өдөр ээждээ инээд, баяр баясал өгөх нь өөрөө буян юм шүү дээ. Орчлон дэлхийн бүх хүн ижийгээ бодоод, бүх ижий нар сэтгэл амгалан байна гэдэг чинь тэнгэр хүртэл цэлмэх ерөөлтэй юм.
БИ ЭЭЖИЙГЭЭ ДУТУУ ХАЙРЛАСАН ГЭЖ БОДДОГГҮЙ
-Миний ээжийн үнэр чихэр, жимс шиг гоё, ээж минь надад амттан шиг гоё санагддаг. Бид ээждээ маш их эрхэлж, ээжийн хайрыг бүрэн мэдэрч өссөн. Ээжийгээ дурсахаар түүндээ эрхэлж явсан жаргалтай үеүүд санагддаг. Ээж минь намайг номын ертөнцөд хөтөлж, ном унших дуртай болгосон хүн. Би амттанаас илүү номонд дуртай.
Ажил хэрэгч, хэлсэндээ хүрдэг, шударга, сайн эзэгтэй гээд дуучин Б.Сарантуяаг тодотгодог бүх зүйлийг ээж минь надад өвлүүлсэн. Ээжийгээ би дутуу хайрласан гэж боддоггүй ч дандаа хамт байхыг хүсдэг. Гэвч орчлонгийн жамаар хүслээр болоогүй. Ээжтэйгээ байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд ээжийнхээ сэтгэл санааг нь тайван амгалан байлгаарай л гэж захья.
Холбоотой мэдээ