Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсантай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс яг одоо “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбатаас өгсөн мэдээллээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн нэр бүхий найман албан тушаалтныг чөлөөлж байна. Үүнд дараах албан тушаал багтаж байна.
- Тэргүүн дэд захирал
- Хуулийн хэлтсийн дарга
- Хуулийн хэлтсийн даргын орлогч
- Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
- Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжлэв.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын 23-р тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит компани болгохыг тусгасан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сунжирсан, өмнөх бүх асуудалд дүгнэлт хийж үзсэн бөгөөд асуудлыг хурдан нэг талд нь гаргах, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд шийдвэртэй нэг алхам хийхээс өөр аргагүй байсан. Одоогоор "Эрдэнэт"-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажлаа хийх боломжгүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн одоогийн байдлыг анхаарч үзээд ажлаа хийх боломжийн хүрээнд ийнхүү албан тушаалтнуудыг чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилж байна. Ингэхдээ Засгийн газрын хүмүүс энэ битүүмжилсэн өрөө болон бичиг баримтад хүрэх биш ажлын хэсэг ажиллах юм. Ер нь бол олон бүтцийн өөрчлөлтийг цомхотгож, хүн нэмж томилохгүй дотор нь зохион байгуулалт хийгээд явна.
н.ЦЭРЭНБАДАМ: ЗГ-ЫН ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН
АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БУЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА н.ЦЭРЭНБАДАМ:
-Засгийн газар 1991 оны хуулийг үндэслэн өнөөдөр ийм үйл ажиллагаа явуулж байх шиг байна. Гэтэл бид Үндсэн хуулиа 1992 онд баталсан учраас өнөөдрийн үйл явц Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Би 10 гаруй жил хуулийн салбарт ажилласан бөгөөд “Монголын зэс” корпорациас энд ажиллах санал тавьж, 2016 оны долдугаар сараас хойш ажиллаж байна. 2016 оны есдүгээр сард Арбитрын шийдвэр ирж байсан. Энэхүү шийдвэр нь Арбитрын хурлын эцсийн шийдвэр байсан. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн нь ташаа мэдээлэл. Би энэ ажлыг авсан цагаас хойш гурван удаа албан тоот өгч байсан. Энэ бүх материалаа ЗГХЭГ-ын даргад мөн сая танилцуулсан. “Эрдэнэт” үйлдвэрийн талаас нотлох баримтын хэмжээнд нотлох баримт, материал гаргаж өгч байсан. Цаашид ч өгөхөд бэлэн байгаа. Түүнээс гадна би ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн боломж байхгүй гэж бодож байна. Хууль зөрчсөн үйлдэл байж магадгүй гэж бодож байна. Төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа, бодлогыг би хүндэлж байна. Дараа нь хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх байх.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ