Германд гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Германд гашуудал зарлалаа

Германд өнөөдөр /IV.17/ “Germanwings” компанийн онгоцны ослоор амь үрэгдсэн 150 хүнд хүндэтгэл үзүүлэх гашуудлын арга хэмжээ зохион байгуулж байна. Гашуудлын өдөр Герман даяар төрийн далбааг хагас бөхийлгөж, “Cologne” сүмд талийгаач нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно.

 

Хохирогчдод хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Германы канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Йоахим Гаук тэргүүтэй улс төр, шашны тэргүүнүүд оролцох юм. Түүнчлэн Испанийн дотоод хэргийн сайд, Францын тээврийн сайд,  “Lufthansa” групп болон “Germanwings” компанийн удирдлагууд уг арга хэмжээнд оролцох аж. Европын хамгийн том сүмд болох арга хэмжээнд хохирогчдын төрөл төрөгсдийн 500 гаруй хүнээс гадна 1000 орчим хүн оролцох гэнэ. Сүмд хохирогчдын тоогоор лаа асааж, хүрэлцэн ирсэн хүн бүр цэцэг өргөх ёслол болох аж.

 

Барселонаас Дюссельдорф хүрэх “Airbus 320” онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 24-ны өдөр Францын нутаг дэвсгэрт Альпын нуруунд уул мөргөж осолдсон юм. Ослоор 150 хүн нас барсны 72 нь Герман, 50 нь Испанийн иргэд байжээ. Онгоцны осолд хоёрдугаар нисгэгч Андреас Любитцийг буруутгаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж