Дартсын олон улсын тэмцээн Хонгконгт энэ сарын 11-12-нд болж өнгөрлөө. Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны 1100 тамирчин ганцаарчилсан, хос, багийн төрлүүдэд өрсөлдөв. Манай улсаас 12 тамирчин эрх авч оролцон, аваргын дөрвөн цом, хоёр хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүллээ. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд тэд ирсэн даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Хонгконгт болсон олон улсын тэмцээнээс манай тамирчид ганцаарчилсан, хос болон багийн төрөлд өндөр амжилтыг үзүүллээ. Ганцаарчилсан крикет төрлийн II ангилалд Х.Одхүү, IV ангилалд М.Энхмөнх, эрэгтэй хосын төрлийн IV ангилалд Г.Бат-Өлзий, М.Энхмөнх болон эрэгтэйчүүдийн 501 төрлийн II ангилалд Б.Биндэрьяа нар түрүүлж, аваргын цом өргөжээ. Х.Одхүү, Ш.Ган-Эрдэнэ (II ангилал), Г.Гантулга, А.Ихбанди (V ангилал) нар тус бүр III байрт эзэлжээ. Мөн Б.Биндэрьяа, Ч.Ганбаатар, Д.Эрдэнэчимэг, С.Түмэнтогтох нар хосын төрөлд V байр эзлэв. Багийн тэмцээнд манай тамирчид V байрт шалгарчээ.
Монголын сонгодог дартсын холбооны нарийн бичгийн дарга Л.Шинэцэцэгтэй ярилцлаа.
-Хонгконгт болсон Азийн тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг энэхүү Oлон улсын тэмцээн өндөр чансаатай болдгоороо онцлогтой. Энэ жилийн тэмцээнд 17 орны 1100 тамирчин оролцлоо. Манай баг тамирчдын хувьд 12 бүрэлдэхүүнтэй оролцож, урьд өмнө үзүүлж байгаагүй амжилтуудыг гаргаад ирлээ. Энэхүү тэмцээнд өмнө нь хоёр удаа оролцохдоо Д.Эрдэнэчимэг ганцаарчилсан болон хосын төрлөөс алт, эрэгтэйчүүдийн ангилалаас мөнгө, хүрэл медальтай ирж байсан. Тэгвэл энэ жилийн тэмцээнд оролцсон тамирчид бүгд медальт, шагналт байранд орлоо. Тэр дундаа аваргын цом дөрвийг хүртсэн сайхан амжилтыг үзүүлэв.
-Монголынг баг Ази тивдээ хүчтэй өрсөлдөгч болсон нь энэхүү тэмцээнээр харагдлаа. Олон улсны тэмцээнд хэрхэн амжилт үзүүлж байв?
-Монголд дартсын спорт хөгжөөд 22 жил болж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд манай тамирчид дотооддоо болон олон улсын тэмцээнд оролцохын хэрээр амжилт үзүүлж эхэлсэн. Тухайлбал, Олон улсын Дартсын холбооны Дэлхийн цомын тэмцээн болох “IDF Darts world cup”-с хоёр аваргын цомыг хүртээд байна. Дэлхийн цомын 2012 оны тэмцээнээс эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын гурван удаагийн аварга тамирчин Д.Эрдэнэчимэг анхны хүрэл цомыг эх орондоо авчирч байсан бол тэрээр энэхүү амжилтаа дараа жил нь бататгаж, аваргын цом хүртэж байсан. Эндээс манай тамирчдын ур чадвар Азид төдийгүй дэлхийд хүчтэй болсныг харуулсан явдал болсон. Бид нарыг Азийн тэмцээнд оролцоод явахад тивийнхэн их гайхдаг. Өнөөдөр бид тивдээ хүчтэй өрсөлдөгч болсон. Хонгконгт болсон тэмцээнээр ч бид харуулж чадсан. Манай баг “В” хэсэгт БНСУ, Филиппин, Тайваны багуудтай тоглож, II байраар шалгарсан. Улмаар Португалын багт ялагдаж, V байрт орсон. Хэсэгтээ бол БНСУ, Тайваны багуудыг хожсон. Харин Филиппиний баг бол үнэхээр хүчтэй баг. Тэд ямар ч тэмцээн уралдаанд өндөр түвшинд бэлтгэгдэж ирсэн байдаг. Биднээс их асуудаг. “Та нар ямар дасгалжуулагчтай байна. Яаж бэлтгэл сургуулилтаа хийж байна гэж”. Тэгэхээр тивийн тамирчид маань биднийг судлаад эхэлсэн нь харагдлаа.
-Дартсын спорт хаанаас үүсэв?
-Энэ спортыг анх 14-р зууны үед Англид үүссэн гэж үздэг. Улмаар түүний хамтын нөхөрлөлийн орнууд, Нидерланд, Ирланд, Скандинав, АНУ, Канад зэрэг улсуудад хүмүүс пабд чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэлбэрээр дэлгэрсэн. Одоо хэрэгжиж байгаа онооны хэлбэр болон тоглолтын арга барил нь 1896 оноос эхэлсэн гэж бичигдсэн байдаг. Дартсын спорт бол сум шиддэг спорт юм. Шидсэн сумных нь тоогоор чанар нь хэмжигддэг. Дэлхийд хамгийн өндөр рекордын төгс хувилбар нь 9 сум байдаг бол монголчууд өнөөдөр 10, 11 сумны төвшинд хүрчихээд байгаа. Бид энэ жил Азидаа гаргаж байгаа өндөр амжилтаа бататгаад Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцохыг хичээж байна. Ирэх оноос Европын тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргах хүсэл тэмүүлэлээр бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Монголд Дартсын спортын хичнээн холбоо байдаг вэ?
-Монголд Дартсын албан ёсны зохион байгуулалттай ажилладаг гурван холбоо байдаг. Албан ёсны гишүүнчлэлтэй 500 гаруй тоглогч байна. Үүнээс гадна энэ спортыг сонирхдог 5000 гаруй тоглогч бий. Байгууллагууд чөлөөт цагаараа өрөндөө дартс тоглох нь их болж. Тэгэхээр энэ спорт цаашид улам их хөгжиж, тамирчид маань улсынхаа нэрийг дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байдаг.
-Орон нутагт энэ спорт хэр хөгжиж байна вэ?
-Орон нутагт дартсын спортыг сонирхогч олон бий. Орхон, Дархан, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад салбар клубүүд байна. Албан ёсны гишүүнчлэлгүй ч гэсэн ч өөрсдөө сонирхлоороо хичээллэдэг залуус олон байна.
-Дэлхийн цомын тэмцээнд 2010 оноос хойш оролцож байгаа гэсэн. Энэ хугацаанд хоёр аваргын цомыг хүртжээ. МДХ-ны тамирчдын хувьд ойрын ямар тэмцээнд байна вэ?
-Манай холбооны тамирчдын оролцох хамгийн том тэмцээн бол Дэлхийн цомын тэмцээн байна. Бид 2010 оноос хойш Дэлхийн цомын тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ жилийн “IDF Darts World Cup” тэмцээн Хорват улсад ирэх зургадугаар сарын 6-13-ны өдрүүдэд болно. Үүнд найман хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Өмнөх жилүүдийн Дэлхийн цомын тэмцээн Шанхайд болоход ганцаарчилсан ангилалд хоёр удаа аваргын алтан цом авч байсан. Мөн багийн төрлөөр гурав, тавдугаар байрт орж байсан. Бидэнд ойр байдаг учраас олон тамирчид оролцдог байлаа. Тэр хэрээр амжилт гаргах өндөр магадлалтай байдаг. Ивээн тэтгэгч байгууллага бага байдаг учир ихэнх тамирчид өөрсдийнхөө зардлаар тэмцээнд оролцдог. Тиймээс энэ жилийн Дэлхийн цомд найман хүний бүрэлдэхүүнтэй баг Улсаа төлөөлөөд оролцоно доо.
Монгол Улсын гурван удаагийн аварга тамирчин Д.Эрдэнэчимэг (Дэлхийн цомын алт, хүрэл медальт)
Ч.БОЛОРЧУЛУУН