Үндэсний сэтгүүлзүй үүсэж, хөгжсөний 106 жилийн ойг тохиолдуулан “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг өнөөдөр /2019.3.6/ боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монголчуудын сарын дундаж цалин 969 мянган төгрөг. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид дунджаар 600 мянган төгрөгийн цалин авч байгаа. Улсын хэмжээний дундаж цалингаас хэт доогуур цалин авч байгаа энэ байдалд хамгийн түрүүнд анхаарч ажиллах ёстой. Мөн олон цагаар ажилладаг асуудал байнга гарч байна. Энэ салбарт ихэвчлэн залуучууд ажилладаг, орон сууцны асуудлаас эхлээд маш олон асуудал тулгамддаг. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зохион байгуулалтад орж, хамтран ажиллах шаардлагатай байна.
Сэтгүүлчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, мэдээ сурвалжлага бэлтгэдэг ч тэд хэзээ ч өөрийн эрх ашгаа хамгаалахаар тэмцэж байгаагүй.
Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагад орж байсан түүх бий. Тухайлбал, 1990 оноос хойш хэвлэл мэдээллийн салбар үйлдвэрчний эвлэлд 100 хувь орж байсан бол одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз, Улаанбаатар телевиз, TV5 телевиз манай хороотой хамтран ажилладаг” гэлээ.
СЭТГҮҮЛЧИД ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХЭЭ ХАМГААЛАХЫГ БИД ДЭМЖИНЭ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллахад хоёр асуудал тулгамддаг. Нэг нь, мэргэжлийн эрхийн асуудал, хоёрдахь нь, хөдөлмөрлөх эрхийн асуудал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хувьд сэтгүүлчдийн эрхийг хамгаалахаар ажилладаг. Сэтгүүлчид өөрсдөө эвлэлдэн нэгдээд хөдөлмөрийн эрхээ хамгаалахыг бид дэмжин ажиллахад бэлэн байна” гэсэн юм.