Forbes сэтгүүл дэлхийн тэргүүн баячуудын 2019 оны чансаагаа нийтэлсэн байна.
Энэхүү жагсаалтаар Оросын баячуудыг Леонид Михельсон тэргүүлсэн бөгөөд тэрбээр 24 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд 32-т жагссан байна. "Новатэк" болон "Сибура" компаниудад хувьцаа эзэмшдэг түүний хөрөнгө өнгөрсөн онд зургаан тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.
Леонид Михельсоны араас НЛМК компанийн эзэн Владимир Лисин жагссан байна. Дэлхийн жагсаалтад 45-д орж байгаа түүний хөрөнгө 21,3 тэрбум ам.доллар юм.
2018 оны жагсаалтаар дэлхийд 78-д байсан "Лукойл"-ын тэргүүн Вагит Алекперов гэнэт цойлж 47-д багтжээ. Ингэснээр тэрбээр Оросын баячуудын чансаагаар гуравт бичигдэж чадлаа. Түүний хөрөнгө 20,7 тэрбум.
Forbes-ийн жагсаалтад ОХУ-аас дөрвөн шинэ баян багтсан байна. "Сафмар" группын Захирлуудын зөвлөлийн дарга Саид Гуцериев, "Славянский мир" компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лещиков, "Норебо" холдингийн эзэн Виталий Орлов, Wildberries интернэт дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук нар шинээр багтжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ