300 дрон тэнгэрт наадуулсан Дэнлүүний баяр

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

300 дрон тэнгэрт наадуулсан Дэнлүүний баяр

300 дрон тэнгэрт наадуулсан Дэнлүүний баяр

Улаанбаатарын Чингис хаан нисэх буудлаас МИАТ-ын шинэ онгоцоор хөөрөн дөрвөн цаг орчим нисэн Хонконгод буулаа. Эндээс Тайпэй хот руу дамжин нисэх учиртай. Дөрвөн цаг гаруй хүлээсний эцэст Хонконгоос Тайпэй хүрэх онгоцондоо суух боллоо. Зорчигчийн тасалбараа уншуулахаар дараалсан хүмүүсийг харахад Улаанбаатараас МИАТ-д онгоцонд хамт суусан тав зургаа орчим залуус харагдав. Угаасаа дэлхийн ямар ч улсын онгоцны буудалд монгол хүн хаанаасаа харсан ч танигддаг нь сонин шүү.

Дараалал арай дөхөөгүй нэлээн өмнө байсан хоёр монгол охиныг талон уншуулж байгаа эмэгтэй хажуудаа саатуулан зогсоосон харагдав. Дараалал маань болж суудлын талон, паспортаа үзүүлтэл “паспортыг шалгах хэрэгтэй хэмээн намайг бас нөгөө охидын хажууд хүлээхийг санууллаа. Тав орчим минутын дараа миний паспортыг авчирч өгөхөөр нь яагаад ийм шалгалт хийж байгааг асуулаа. “Давхар шалгах зүйл байсан, та онгоцондоо сууна уу” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Харин нөгөө хоёр охин тэндээ зогсоод үлдлээ. Гэхдээ 10 орчим минутын дараа тэр хоёр онгоцонд орж ирэв.

Тайпэйд амжилттай газардаад ачаагаа аваад гарах хаалга чиглэн явахдаа Улаанбаатараас хамт хөөрсөн өөр хоёр охин чемодан саваа дэлгэчихсэн гаалийн ажилтанд тайлбар тавин зогсож харагдлаа. Хилээр оруулахыг хориглосон зүйлс нь ачаанд байсан бололтой гэж таамаглахын зэрэгцээ Тайпэй руу дөхөх үед “амьтны гаралтай ямар ч төрлийн махыг хилээр оруулахыг чанд хориглодог” гэсэн сануулга чихэнд сонсогдлоо.

Монголоос Тайваньд сурах монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Тайваньд 1000 орчим монгол суралцаж байна. Тайванийн дээд боловсролын систем Азидаа тэрүүлэхэд тооцогддог.

Тайванийн Засгийн газраас сүүлийн жилүүдэд гадаад оюутанд олгох бүрэн хэмжээний болоод хагас тэтгэлгээ нэмэгдүүлжээ. Тайванийн Боловсролын яамны 2018 оны тоо баримтаар Тайванийн их дээд сургуульд нийт 126,997 оюутан сурч байгаагийн 10 хувь гадаадын оюутан байжээ.

20 ОРНЫ 21 СЭТГҮҮЛЧ

Тайванийн Гадаад хэргийн яамнаас гадаадын улс орны сэтгүүлчдэд зориулан тав хоног аялал зохион байгуулж энэ хүрээнд тайваньчуудын зан заншил, соёл, орчин цагийн амьдралын хэв маягтай танилцуулахыг зорьжээ. 2019 оны хоёрдугаар сарын 18-22-ны хооронд үргэлжилсэн танилцах аялалд дэлхийн 20 орны 21 сэтгүүлч хамрагдлаа. Монгол, ОХУ, Малайз, Япон, Тайланд, Вьетнам, АНУ, Эстони, Канад, Герман, Өмнөд Африк, Шри Ланка, Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Кувейт, Ирланд, Кампуч, Индонез, Италийн /Японоос хоёр сэтгүүлч/ 21 сэтгүүлч Тайванийн арлын зочломтгой занд таван өдөр умбалаа.

Бидэнд зориулан бэлтгэсэн хөтөлбөрийг харахад түүх соёлын уламжлалаа таниулахаас гадна орчин цагийн өндөр хөгжил, тэр дундаа шинжлэх ухаан, технологийн амжилтуудаа таниулахаар зорьсон нь илт.

ДЭНЛҮҮНИЙ БАЯР

Азийн улс орнуудын нэгэн адил тайваньчууд Цагаан сарыг өргөн тэмдэглэдэг. Хятадуудын нэгэн адил хоёр долоо үргэлжилдэг Цагаан сарын баярын өдрүүдэд тайваньчуудын уламжлал, зан заншлыг илэрхийлсэн хэд хэдэн баяр тэмдэглэдгийн нэг нь Дэнлүүний баяр юм.

Дэнлүүний баяр монголчуудын билгийн тооллоор хаврын эхэн сарын 15-нд зохиогддог уламжлалтай ажээ. Ингэхдээ Тайванийн өөр өөр хотуудад зохиогддог бөгөөд энэ 2019 оны Дэнлүүний баяр нь Пинтун хотод боллоо. Пинтун бол Тайванийн арлын өмнөд хэсэгт Дапэн тохойд байрлалтай хот.

Энэ жилийн Пинтуны Дэнлүүний баяр онцлогтой болжээ. Учир нь, жил болгоны энэ баярын хамгийн том дэнлүү нь тухайн жилийн эзэн байдаг уламжлалыг энэ жил эвджээ. Дорнын тооллоор энэ шаргачин гахай жил гарч байгаа бөгөөд уламжлал ёсоор хамгийн том дэнлүүг гахайны дүрсээр амилуулах байж. Гэвч Пинтун хотынхон энэ уламжлалыг эвдэж гол дэнлүүгээ аварга том туна загасаар төлөөлүүлсэн байлаа. Энэ жилийн өөр нэг онцлог нь агаарт дроноор нүд баясгам үзүүлбэрүүдийг үзүүлсэн явдал байлаа. Зохион байгуулагчдын хэлснээр 300 дроныг шоунд ашигласан бөгөөд энэ нь ийм олон дрон ашигласан анхны шоу ажээ. Дроны үзүүлбэр оролцогчдын сэтгэлийг хөндөж чадсан нь тэдний баярлан уухайлахаас илт байлаа.

Дэнлүүний баярын нээлтэд Тайванийн Ерөнхийлөгч хатагтай Цай Ин Вэн ирж оролцлоо. Баярын үйл ажиллагааг харах хамгийн таатай байрлалд суулгах эрхийг бидэнд олгосныг өмнө дуулгасан байсан. Баяр эхлэхээс хоёр цагийн өмнө бид суудлаа эзлэх ёстой байсан бөгөөд автобуснаасаа буугаад байрлах газар руугаа явах хооронд хэдэн сэтгүүлч үндсэн багаасаа төөрч хоцорсны нэг нь би байлаа. Гэхдээ бидэнд “Press” гэсэн нэвтрэх үнэмлэхийг урьдчилан тараасан байсны ачаар түүнийгээ үзүүлтэл зохион байгуулагчийн нэг замчилж явсаар Тайванийн сэтгүүлчдийн байрлалд биднийг аваад ирэв. Энэ нь ёслолын тайзны хажууханд байсан бөгөөд нээлтийн ажиллагааны дараа Ерөнхийлөгч хатагтай Цай Ин Вэн болон бусад албаны хүмүүс ирж хүслээ бичсэн цаасыг дэнлүүнд хийхийг сурвалжлах эрх бүхий онцгой байрлалд авчирсан байсан нь төөрсөн бидний аз байлаа.

Тайванийн хэвлэлд мэдээлснээр Дэнлүүний баярын нээлтийг 600 мянган хүн ирж үзжээ.

Гэрэл зургуудыг дараах эх сурвалжаас ашиглалаа:

www.thenational.ae

https://taiwantoday.tw

https://www.ourawesomeplanet.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж