"Бизнес-с-Бизнес" (B2B Networking) арга хэмжээг 4 сарын 24-нд зохион байгуулах гэж байна.
Бизнес эрхлэгчдийн дунд ажил хэргийн идэвхтэй харилцаа үүсгэж, бизнесийн орчныг сэргээхэд хувь нэмэр болох зорилгоор МҮХАҮТ, Монголын Бизнес Мэдээллийн сан (www.mongolianbusinessdatabase.com) хамтран 2 дахь удаагийн "Бизнес-с-Бизнес" (B2B Networking) арга хэмжээг 4 сарын 24-нд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Дарга М.Оюунчимэг, Япон Улсын Элчин сайд Шимизү Такэнори, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Аж үйлдвэрийн яамны газрын дарга Б.Золтуяа, Дэлхийн банкны суурин төлөөлөгч асан Саха
Миянатан, МҮХАҮТ-ын газрын дарга Ч.Цэцэгмаа, Жайка-ийн төслийн удирдагч Роято Сугишита болон Интор Файнанс компанийн захирал Г.Үүрийнтуяа нар оролцон илтгэл танилцуулга хийх юм.
Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох Монголын Бизнес Мэдээллийн сангийн тэргүүн И.Сэр Од хэлэхдээ: "Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын уналт, уул уурхайн салбарын зогсонги байдалтай холбоотой эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч нь болох бизнесийн салбар идэвхгүй хэлбэртэй болсоныг бүгд харж мэдэрч байна. Үүнийг заавал хэн нэг нь яриад байх ч шаардлагагүй, энэ олон оффисын барилгуудаар ороод үзэхэд тал нь түрээслэгчгүй хоосон өрөөнүүдийн дүр зураг, нөхцөл байдлыг илтгэж байгаа.
Гэхдээ ямар ч юм нэг хэвэндээ хэзээ ч байгаад байдаггүйг бид бүхэн ойлгож, энэ улс төрчдийн эцэс төгсгөлгүй маргааныг зүгээр хараад суугаад байлгүй өөрсдөө сэргэлэн хөдөлгөөнтэй байж, энэхүү сул чөлөөтэй цаг хугацааг ашиглан ирээдүйн томоохон бизнесийн суурийг тавихын төлөө идэвх санаачилга гаргах нь чухал юм шиг санагддаг. Бизнес эрхлэгчид хоорондоо уулзан танилцаж бизнесийн санаа зорилгоо нэгтгэн шинэ бизнес, шинэ салбарт хөрөнгө оруулан хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд энэхүү арга хэмжэний энгийн бөгөөд гол зорилго оршиж байгаа. Жишээ нь энэ сарын уулзалт арга хэмжээгээр бид Япон-Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрт түшиглэн бизнес эрхлэгчид хэрхэн санал санаачилгатай ажиллаж болох тал дээр анхаарал хандуулж хөтөлбөрийг бэлтгэсэн байгаа.
Дашрамд дурдахад Монголын Бизнес Мэдээллийн сан төслийг бизнесийн гол төлөөлөх байгууллагууд болох МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Хойт Америк Монголын Бизнесийн зөвлөл, Британийн Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих газар, Британи Монголын худалдааны танхим, Bloomberg TV, Мongolian Mining Journal, Mongolian Economy болон Forbes Mongolia сэтгүүлүүд албан ёсоор дэмжин хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар энэхүү мэдээллийн санд Монголын зах зээлийг сонирхсон 74 орноос бизнес эрхлэгчид зочилж, бас үнэ төлбөргүй бүртгэлд хамрагдаж энэхүү хандалтаараа бид Google ийн Mongolia business хайлтаар 1-рт эрэмблэгддэг болоод байгаа.
Монгол руу чиглэсэн бизнесийн сонирхолыг нэмэгдүүлэхийн төлөө бид бүх талаар чармайн ажиллах болно" гэлээ