Монгол Улсын хөрөнгийн зах зээлд 1990-ээд оны өмч хувьчлалын үйл явц, хэрэгжилтээс улбаатайгаар хувьцааны хэт төвлөрөл бий болж, нээлттэй хувьцаат компани (ХК)-ийн засаглал, менежментийн зарчим алдагдан, хувьцааны хөрвөх чадвар суларч, улмаар зах зээл бүхэлдээ өсөлтгүй зогсонги байдалд орсон сургамж бий. 2018 оны жилийн эцсийн дүнгээр хувийн өмчийн эзэмшилд байгаа нийт 10.4 тэрбум ширхэг хувьцааны 93.2 хувь нь ердөө 1024 хувьцаа эзэмшигчийн гарт байна. Эдгээр 5.0 ба түүнээс дээш хувийг эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн 0.31 хувь нь юм.
Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хороо төвлөрлийг бууруулах, цөөхөн хувьцаа эзэмшигчид болон гэр бүлд хэт төвлөрсөн ХК-ийг өөрчлөн шинэчлэх, цаашид төвлөрлийг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлан ажиллаж байна.
Олон улсын томоохон арилжаа эрхлэх байгууллагууд буюу хөрөнгийн биржүүдийн туршлагыг судлан үзэхэд, анх олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компаниудад нийт хувьцааныхаа 20-30 хувийг нийтэд арилжих шаардлага тавьдаг бөгөөд олон нийтийн эзэмшилд байх хувьцааны доод хэмжээнд дүйцүүлэн хувьцаа эзэмшигчдийн тоог тогтоож өгдөг байна. Тухайлбал, Австралийн хөрөнгийн бирж шинээр IPO гаргагч доод тал нь 500 хувьцаа эзэмшигч тус бүр 2000 австрали доллароос багагүй үнэ бүхий хувьцаа эзэмшсэн байх шалгуур тавьдаг бол Хонгконгийн хөрөнгийн бирж 300 хувьцаа эзэмшигчийн босго тогтоодог байна. Түүнчлэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж ХК-ийн өмчлөгчдийн тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн байх бөгөөд нийт гадаадын өмчлөгч 5000, дотоодын өмчлөгч 2000-аас ихгүй байхыг шаарддаг аж. Тэгвэл NASDAQ бирж Глобал ангиллынхаа компаниудад бенефициар өмчлөгчдийн тоог 2200, “Round lot” өмчлөгчдийн тоог 400-аас багагүй байхаар, харин капитал ангиллын компаниудын “Round lot” өмчлөгчдийн тоог 300-аас доошгүй байх шалгуур тавьдаг байна. Токиогийн хөрөнгийн бирж үндсэн самбарууд буюу Domestic 1, 2 дугаар самбарын компаниудынхаа хувьцаа эзэмшигчдийн тоог 800-2200, Mothers самбарынхад 300, Jasdaq самбарт 200-аас доошгүй байхаар тогтоодог бол Сингапурын хөрөнгийн биржид компанийн нийт хувьцааны 25 хувийг 1000-аас багагүй тооны өмчлөгч эзэмшсэн байх шалгуур тавьдаг.
Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж буй компаниудад нийт хувьцааныхаа 25-аас доошгүй хувийг олон нийтэд арилжаалах шаардлагыг тавьж, анхдагч зах зээлийн арилжаа бүр амжилттай болж байна. Ийм шаардлагыг дэлхийд танигдсан олон улсын биржүүд бүгд ямар нэгэн байдлаар тавьдаг бөгөөд Euronext бирж, Лондонгийн хөрөнгийн биржид энэ шаардлагын хувь хэмжээ 25 байдаг бол Торонтогийн болон Австрали 20 хувь байдаг.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ