Хаврын тариалалтын бэлтгэл ид өрнөж байгааа энэ үед тариалангийн төв болох Сэлэнгэ, Дархан-Уул аймаг тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнөөр Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад гарцыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон “Манай орны тариалангийн талбайн дийлэнхийнх нь ялзмагийн хэмжээ 2-3 хувиас илүүгүй байгаа юм. 2010 онд “Атарын гуравдугаар аяны хүрээ”-нд тариалангийн талбайд үржил шимийн шинжилгээ хийсэн байдаг. Энэхүү шинжилгээг таван жил тутамд хийх асуудлыг бодлогын баримт бичгийн хүрээнд тусгасан ч дорвитой ажил хийгдэхгүй байгаа, үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй . Ингэснээр хөрсний үржил шимийг сайжруулахын тулд ямар бордоо хэрэглэх, тариалалтын талбайн арчилгаа хэрхэн хийх зэрэг асуудал нь илүү тодорхой болох юм” хэмээн саналаа хэлсэн байна.
Зөвлөгөөний үеэр төмс, хүнсний ногоо тариалдаг тариаланчдын асуудал ч яригдсан бөгөөд засаг төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх боломжийг судлана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.УЛАМ