Бөмбөгөр ногоон театрыг цомогт мөнхөллөө | News.MN

Бөмбөгөр ногоон театрыг цомогт мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Бөмбөгөр ногоон театрыг цомогт мөнхөллөө

Бөмбөгөр ногоон театрыг цомогт мөнхөллөө

“Бөмбөгөр ногоон театр”  гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр /2019.03.06/   Монголын театрын музейд боллоо.

Тус музейн хамт олон уг театрын тухай архивын баримт цуглуулах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, гэрэл зургийн нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор дээрх гэрэл зургийн цомог бүтээжээ.  Энэхүү цомогт нийт 60 шахам архивын баримт, 500 гаруй гэрэл зураг, баримт бичиг зэрэг багтжээ.

Түүхийн хуудсыг сөхвөл Монгол Улсын соёл урлагийн гал голомт болсон Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу олон түмний хэлж заншсанаар “Бөмбөгөр ногоон театр” нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд одоогийн Төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний тус дэмээр 1927 оны долдугаар сарын 9-ны өдөр сүндэрлэн боссон гэдэг.

Тус театрын зураг төслийг тухайн үед Монголд амьдарч байсан Мажар иргэн, инженер Иосеф Гелеьа зохиож монгол, хятад барилгачдаар бариулжээ. Ингэхдээ монгол гэр болон тоорцог малгайн хэлбэрийг дууриалган бөмбөгөр оройтой, баганагүй театр барьсан аж.

Мөн том дугуй хэлбэрээр ханыг босгож, түүний дотор давхар дугуй хонгил гаргасан агаад цул модон дээврээ олон давхар эсгийгээр бүрж, дахин төмрөөр дээвэрлэн ногоон өнгөөр буджээ. Дээврийн зүүн, баруун урд талд тоо хэлбэрийн цонх гаргасан тул өглөө, оройн нар чөлөөтэй тусдаг байжээ.

Театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материалд янз бүрээр бичсэн  байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байсан хэмээн бичсэнийг үндэстэй гэж үздэг. Тус театрынхан Богд хааны ордноос шилжүүлсэн баяд, ноёд хатадын тансаг дээл хувцас, гоёл чимэглэлийн нандин эдлэлийг тоглолтдоо хэрэглэдэг байсан аж.  Тус театрт 1949 оны нэгдүгээр сарын 15-нд гал гарснаар том гарз хохирол дагуулжээ.

Гэрэл зургийн цомгийн нээлтийн үеэр уран бүтээлчид тус театрын талаар санал сэтгэгдлээ солилцож, дурсамжаасаа хуваалцлаа.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа “Их баярлалаа. Бөмбөгөр ногооноос үлдсэн нь Мушгиа бид хоёр байна даа. Бөмбөгөр ногоон театр маань соёл урлагийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн. Одоо эргээд бодоход театрын ард талын тайзнаас эхлээд бүхий л зүйлс  их дурсамжтай. Бидний ид цэцэглэж явсан, сайхан насандаа ажилласан анхны минь газар юм. Тийм учраас энэхүү театртай холбоотой олон сайхан дурсамжууд үлджээ.  Бөмбөгөр ногоон театр бол Монголын түүхэнд ач холбогдолтой их сонин театр. Энэ театрыг нэг ч баганагүй барьсан байдаг. Тухайн үед 500 хүний суудалтай театр байсан. Театрын арын хаалгаар морьтой явж  ордог байсан шүү дээ” гэж ярилаа.

Сонирхуулахад, тус гэрэл зургийн цомгийг Монголын театрын музей болон Үндэсний төв архив, Гадаад харилцаан төв архивт хадгалагдаж буй ховор баримт гэрэл зургийг ашиглан бүтээсэн байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соёл судлаач Х.Гандулам 2019-03-06 202.9.42.30

Монголчуудын уран сайхны соёлын түүхэнд алтан хуудас болон үлдэх сайхан үйлс болжээ.Хоёр бууралдаа эрүүл энх,аз жаргал,амар тайвныг хүсэн ерөөе! Уран сайхны соёлын түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж,сурталчлах,хойч үедээ өвлүүлж үлдээхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байдаг Монголын театрын музейн хамт олон, удирдлагад ажлын өндөр амжилт,аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе!

Avatar

Иргэн 2019-03-06 202.126.89.134

Цогзолмаа гуай үнэн даруухан ухаантай хүн байна. Тэр олон тѳмѳрнүүдээ зүүгээгүй эгэл жирийн эмэгтэй, сайхан ээж дүрээрээ инээмсэглээд л сууж байна. Маш сайхан харагдаж байна, таниараа бахархаж байна. Та эрүүл энх, урт удаан наслаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж