АНУ-ын телевизийн реалити шоунаас төрсөн Кардашианы гэр бүлийнхнийг мэдэхгүй хүн цөөн. Тэгвэл Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Форбс” сэтгүүл мэдээлжээ. Өөрийн хүчээр тэрбумтан болж чадсан Кайли Женнерийг “NEWS” агентлаг “ХҮМҮҮС” булангийн энэ удаагийн дугаартаа танилцуулж байна.
БЛИЦ
Нэр: Кайли Кристен Женнер
Нас: 21 (1997 оны наймдугаар сарын 10)
Төрсөн: АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хот
Жин: 60 кг
Өндөр: 1.68 см
Гэр бүл: Найз залуу, рэппэр Травис Скотт болон охин Стормийн хамт амьдардаг.
ХУВИЙН АМЬДРАЛ
Кайли Женнер бол 1976 оны зуны Олимпийн наадмын хөнгөн атлетикийн 10 төрөлтийн ялагч Брюс Женнер (өдгөө тэрбээр хүйсээ сольж Кайтлин Женнер болсон) болон телевизийн продюсер Крис Женнер нарын бага охин. Түүний төрсөн эгч нь амжилттай загвар өмсөгч Кэндалл Женнер юм. Гэхдээ тэрбээр эцэг өөртэй Кортни, Ким ба Клой Кардашиан гэх гурван эгч бас Роб Кардашиан гэх ахтай. Үүнээс гадна эх өөртэй Бюрт, Брэндон, Броди Женнер гэх гурван ах, Кэси гэх эгчтэй.
Кайли дунд сургуульд байхдаа хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн байв. Түүнчлэн янз бүрийн урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, жүжигт дүр бүтээдэг байжээ. Гэхдээ 2012 оноос гэрээр хичээлийн хөтөлбөрөө үзэж эхэлсэн ба 2015 онд Калифорнийн Лаурел Спрингс дунд сургуулийг төгссөн гэсэн үнэмлэх авсан байна. Тэрбээр гэр бүлийн хамтаар “Кардашианыхантай хамт” телевизийн цувралаар олонд танигдсан.
Тэрбээр 2017 оноос хойш рэппэр Травис Скотттой үерхэж байгаа бөгөөд хосууд Сторми гэх охинтой болсон. Охин нь 2018 оны хоёрдугаар сард төрсөн. Тухайн үед охиныг нь экс найз залуу Тайгагийнх гэх цуурхал газар авч байв. Тэрбээр рэппэр Тайгатай 2014 оноос 2017 оныг хүртэл үерхсэн аж.
ХОЁР КАЙЛИГИЙН МАРГААН ХУУЛИАР ЭЦЭСЛЭГДСЭН
Кайли Женнерийн нэрийн гоо сайхны брэнд алдаршсаны дараа Австралийн дуучин Кайли Миноуг түүний эсрэг шүүхэд зарга үүсгэсэн аж. Тэрбээр “Кайли” нэрийг ашиглах асуудлаар АНУ-д шүүхийн гомдол гаргаад ялалт байгуулжээ. Учир нь Кайли Женнер 2015 онд тухайн нэрийг бүртгүүлэхдээ зар сурталчилгаа болон нэмэлт үйлчилгээний зорилгоор ашиглахаар худалдааны тэмдэгтэд бүртгүүлсэн байжээ.
АМЖИЛТЫН ГАРАА
Кайли бүр эрт 14 настайгаасаа бизнесийн гараагаа “PacSun” хувцасны брэндийн түшиглэн “Кэндалл ба Кайли” брэндийг бий болгосноор эхэлсэн байв. Гэвч энэ нь тийм ч амжилттай болоогүй байна. Харин 2015 онд өөрийн нэрийн гоо сайхны брэндийг бий болгож, уруулын будгийн цуглуулга гаргаснаар амжилтад хүрэх анхны алхмаа хийсэн байв. Дараа жил нь тэрбээр Кайли брэндийн гоо сайхны иж бүрэн цуглуулгыг үйлдвэрлэн гаргажээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд Кайли брэнд дэлхийн сая, сая бүсгүйчүүдийг хэрэглэгчээ болгож чаджээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд гоо сайхны брэндийн борлуулалтаас 360 сая ам.долларын орлого олсон аж. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр энэ гуравдугаар сарын байдлаар Кайли Женнерийн цэвэр орлого нэг тэрбум ам.доллар болжээ. Ийнхүү тэрбээр олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукербергээс ч залуудаа тэрбумтан боллоо. Марк Цукерберг 23 насандаа тэрбумтан болж байв. “Форбс” сэтгүүлээс тэрбумтнуудын жагсаалтыг шинэчилсний дараа Кайли Женнер “Би юу ч хүсч хүлээж байгаагүй. Би ирээдүйг харж чадахгүй шүү дээ. Гэхдээ надад сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Кайли Женнер өнгөрсөн наймдугаар сард “Форбс” сэтгүүлийн нүүрийг чимсэн ба тухайн үед түүний цэвэр орлого 900 сая ам.долларт хүрээд байжээ.
“Тайм” сэтгүүл 2015 онд Женнерийн эгч дүүсийг олон нийтийн сүлжээн дэх хандалтад үндэслэн дэлхийн нөлөө бүхий өсвөр насны охидоор нэрлэж байв. Кайли Женнерийн Инстаграм цахим хуудсыг 2018 оны байдлаар 122 сая гаруй хүн дагасан нь хамгийн их дагагчтай 10 алдартны нэг болгожээ. 2017 онд тэрбээр өөрийн амьдралаар телевизийн цуврал кино бүтээж, гол дүрийг нь өрөө бүтээж эхэлжээ. Цуврал нь 2017 оны наймдугаар сараас “E!” сувгаар цацагдаж эхэлсэн аж.