Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр боллоо.


"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-Т ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ОНЦГОЙ ДЭГЛЭЛ ТОГТООЛОО

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХДАА НЭГДСЭН ЗАРЧИМ БАРИМТАЛНА

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй, “харьцангуй уламжлалт” гэж болохоор шинжтэй байна. Тухайлбал шударга, эрх тэгш хандах, нэн тааламжтай нөхцөл зэрэг зохицуулалт хэт ерөнхий. Үүнээс болж хөрөнгө оруулагчид манай улсын гуравдагч улстай байгуулсан хөрөнгө оруулалтын аль ч гэрээний дагуу ямар ч үндэслэлээр маргаан үүсгэх боломжтой байгаа юм.

Нэгдсэн загвартай болсноор энэ зөрчил арилж, тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болно гэж үзлээ.

Манай улс 44 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулснаас 36 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

СУРГУУЛИУДАД СУРАХ БИЧГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав.

Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэх болсон байна.

Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.


Товч мэдээ

  • Зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв. Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлнэ.
  • “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг БНХАУ-ын талтай эцэслэн тохирохыг холбогдох сайд нарт даалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж