М.Мөнхбаатар: Шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад яллачихлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

М.Мөнхбаатар: Шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад яллачихлаа

М.Мөнхбаатар: Шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад яллачихлаа

Монголын зэс корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнөөдөр /2019.03.06/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газарт өнөөдөр гомдол хүргүүлж байна. Шалтгаан нь ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага.

Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа.

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажилла гэдэг шаардлага тавьж байна.

Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувиар баталгаа гаргуулж, Сатндарт банкнаас зээл авсан“Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурлын үйл явц дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна.

Өчигдөр би өмгөөлөгчтэй явж байсан. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталсан. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсээд байна. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад хандана.

М.Батсуурь гэдэг шүүгчийн асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч.

"Эрдэнэт" үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна. Бразильд үерийн далан нурж 150 гаруй хүн осолдоход төрөөс онц байдал зарлаж байсан юм билээ. Осол аваар болсон үед хүмүүсийн амь нас эрсдэж болзошгүй үед онц байдал зарладаг юм байна гэж ойлгосон. Монгол шиг ийм нөхцлөөр онц байдал зарласан улсыг мэдэхгүй байна. Байдаггүй болов уу" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг онц байдал тогтоосон тухай шийдвэрээ танилцуулаад "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж, 49 хувийн төлөөллийг ажлаас чөлөөлөх нь гэж ойлгосон. Танд мэдээлэл байна уу? 

-"Монголын зэс" корпораци "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмших болсон үеэс худалдан авалтын үйл ажиллагааг тендерээр явуулаач ээ гэдэг эхний шийдвэр гарч байсан. Ингэснээр 2017 онд 25 тэрбумыг хэмнэсэн. Энэ нь 20 сургууль барих мөнгө. Тэгэхлээр энэ үйл ажиллагаа үндсэндээ зогсож магадгүй тийм хардлагатай байна. Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Эрх барьж байгаа нам "Эрдэнэт" үйлдвэрээс сонгуулийн мөнгөө босгож байсан. Би нотолж чадахгүй ч бүгд л мэддэг.

-Шахаа байсан гэдгийг өмнө нь яагаад гаргаж тавьж байсангүй вэ? 

-"Эрдэнэт" үйлдвэрээс энэ тухай мэдээллийг өгөх бүрэн боломжтой. Би энэ удаад тоо баримттай зүйл л ярьж байна. Хувийн хэвшлийн хяналтыг гаргаснаар шахаагаа л хийх гэж байна. "Эрдэнэт" үйлдвэрт орж ирдэг орлого байгаа. Зэсийн ханш өнөөдөр 6500 орчим ам.доллар байна. Орлого нь дунджаар өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 500-600 сая орчим ам.доллараар дутуу орж ирж байсан юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой.

Шахаатай холбоотой Ц.Нямдорж сайдын хүүтэй холбоотой мэдээлэл цацагдаж байсан. Хууль хяналтын байгууллага ажиллаагүй. Харин ч Ц.Нямдорж гэдэг хүн сайд хийгээд явж байгаа.  ЖДҮХС-тай холбоотой асуудлыг та бүхэн хурцаар тавьж байхад нэр холбогдсон хүмүүст нь хариуцлага яриагүй.

-Таныг яагаад хориогүй юм? 

-Яагаад хориогүй вэ гэдгийг би мэдэхгүй. Хорьсон бол өнөөдөр манай байгууллагыг төлөөлөөд дуу хоолойг хүргэх хүн байхгүй болно л гэсэн үг. Удирдаж байсан хүмүүсийг бүгдийг цоожилчих юм бол хэн үнэнийг ярих юм. Гэхдээ хэзээ л бол хэзээ аваад явчихаар байгаа.

-Та хэчнээн өмгөөлөгчид хандаж үзсэн бэ? 

-Би нэлээд хэдэн өмгөөлөгчид хандсан. Ийм асуудалтай,  өмгөөлөх боломжтой юу гээд хандахаар "Асуудлыг үзье" гээд 30 минутын дараа татгалздаг.  Дарамтаас үүдэлтэй л гэж бодож байна.

-Та нарыг буруутай гэж үзээд өмгөөлөх сонирхолгүй байгаа юм болов уу? 

-Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг л хамгаалах ёстой. Буруутай эсэхийг нь шүүхээр л тогтооно. Тогтоогдоогүй байгаа. Надад Монгол Улсаас өмгөөлөгч олдох ёстой. Би хүмүүс рүү хандаад ярьж байна.

-Л.Оюун-Эрдэнэ сайд өнөөдөр очоод "Эрдэнэт"-ийн 49 хувь талаас томилогдсон дарга нарыг чөлөөлбөл та бүхэн яах вэ? 

-Яаж ч чадахгүй.  Яах вэ дээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь цагдаагийн байгууллагадаа хандаад "Шалга" гэхээр саатуулж байгаа. Дахин гарч ирээд шүүгч нар энэ хүмүүсийн асуудлыг шийдэх ёстой шүү, харж байгаа шүү гэж дайралт хийж байна шүү дээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж