Төв аймгийн Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн уурхайд хөрсний нуранги болж, осолдсоноос дөрвөн хүн дарагдсан билээ. Онцгой байдлын албан хаагчид эрэн гурван иргэний цогцсыг олж гаргаад байгаа. Шадар сайд Ө.Энхтүвшин осол гарсан уурхайд очиж байдалтай танилцсан байна. Энэ талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Осол гарсан уурхай дээр байдал ямар байна вэ. Ялангуяа аврагчдын нөхцөл байдал хүнд, дахин нуралт үүсэх эрсдэлтэй гэж байсан?
-Ар гэрийнхний сэтгэл санаа их хүнд байна. Гомдолтой байна, дүгнэлт гарсны дараа хариуцлага нэхнэ гэж байна. Аврагчид маш хүнд нөхцөлд, маш сайн ажиллаж байгаа. Ус, мөсөн доор 20 минутаар ээлжлэн ажиллаж байна. Аврагчид амь насаа алдах вий гэх болгоомжлол байна. Нуранги үүсэх юм бол гаргах боломж байхгүй. Онцгой байдлын албан хаагчдын хувцас нимгэн байна. Зургаа дахь өдрөө ажиллаж байгаа. Иргэд ч аврагчдыг сайн ажиллаж байгааг хэлж, осолдсон иргэний барааг нь харчихмаар байна гэж байна. Тиймээс эрлийн ажиллагааг зогсоох боломжгүй. Аврагчид тушаалаар ажиллаж байгаа. Энэ осол бусад компанид дээр ч гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг шалга, аюулгүй байдлыг нь хангуулж, үйл ажиллагааг зогсоо гэх үүрэг өгсөн.
Эрлийн ажиллагааг явуулахдаа дээд зэргийн аюулгүй байдал хангаж ажлыг зохион байгуулаарай гэдэг шийдвэрийг надад Засгийн газар өгч байгаа. Засгийн газраас мөн бусад үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн компаниуд дээр шалгалтыг шуурхай хий гэдэг үүрэг өгсөн.
-Компанийн удирдлагуудтай уулзсан уу?
-“Эко алтан заамар” компанийн хувьцаа эзэмшигч байсан. Компанийн захирал Төмөрцэцэг гэж хүн байгаагүй. Захирлынх нь бие нь муу гээд байгаагүй. Бусад удирдлагууд байсан. Газар дээр техник, хүн хүч гаргаад хамтраад ажиллаж байгаа юм билээ. Компанийн удирдлагууд эхний ээлжийн арга хэмжээ авч шийдсэн байна. Талийгаачдын ар гэрийнхэнд эхний ээлжинд нийтдээ 200 сая төгрөг, тус бүрт нь хоёр өрөө байх өгөхөөр болсон байна. Төр мөн ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Гэхдээ энэ бол хүн амиа алдсаны хажууд бага зүйл. Тэр хүн цаашдаа яаж амьдрах вэ?. Байнга ар гэрийг нь харж, хандах хэрэгтэй юм.
-Осол юунаас болж гарсан талаарх эхний дүгнэлт гарсан уу?
-Усны дүгнэлт өчигдөр гарсан. Өнөөдөр эцсийн байдлаар ТЭЗҮ гарна. Урьдчилсан байдлаар компанийн үйл ажиллагаатай холбоотой гэсэн дүгнэлт гарсан байсан. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй байна.
-Өмнө нь осол гарч, хүний амь алдсан гэсэн. Энэ үед яагаад хариуцлага тооцоогүй вэ?
-Техникээс төмөр харваад амин газар тусч, хүний амь нас хохирсон байна лээ. Энэ удаагийнх хоёр дахь осол болж байгаа. Тиймээс компанийг удирдаж байгаа хүмүүсийн хувьд хариуцлага яригдана. Шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй.
-Компанийн зүгээс газар хөдлөлтөөс болсон гэх тайлбар хийсэн байсан. Яагаад ийм тайлбар хийсэн бэ?
-Газар хөдлөлт болсон эсэх талаар лавлагаа авсан байна лээ. Хоёрдугаар сарын 27-ны өдөр уурхайн газар дээр 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт, чичирхийлэлт болсон гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байна лээ. Гэхдээ осол маргааш өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим болсон. Газар хөдлөлтөөс болсон гэх тайлбар хийх нь үнэмшилгүй зүйл.
-Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага алдсан уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийж байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа бүх хүн сайн ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Үзлэг хийчихээд араас нь явдаггүй, хяналт тавьдаггүй нь үнэн.
-Хариуцлага алдсан мэргэжилтнүүдэд арга хэмжээ авах уу?
-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт өнөөдөр гарна. Үүний дараагаар хариуцлага ярина.
Ш.ЧИМЭГ