"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

Засгийн газар өнөөдөр /2019.03.06/ хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцгой дэглэмийг танилцуулахаар Орхон аймгийг зорьсон байна. Чухам ямар нөхцөл байдал үүссэн учраас онцгой дэглэм тогтоосон, онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага байсан эсэх болон онцгой дэглэмийн үед ямар арга хэмжээ авдаг талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас тодрууллаа.


Онцгой дэглэм тогтоох тухай хуулийг ЭНД-ээс харна уу

-Онцгой дэглэм тогтоох ямар үндэслэл, шаардлага байсан юм бэ?

-Олон нийт болон зарим мэдээллийн хэрэгслээр онц байдал гэж ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол буруу ойлголт шүү, онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хууль бий. Энэ хуулиар улс орны санхүү, эдийн засагт чухал ач холбогдолтой газарт зургаан сар хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Энэ хуулийг үндэслэж, “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байгаа юм. Онцгой дэглэм гэдэг нь тухай үйлдвэрийн газар Засгийн газрын шууд хяналтад орж байгаа юм. Түүнийгээ дагаад тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад хуульд заасны дагуу үүрэг өгөгдсөн байгаа. Хуульд зааснаар онцгой дэглэмийн хугацаанд сар тутам үйл ажиллагааны тайлангаа Засгийн газар, УИХ болон олон нийтэд танилцуулаад явах ёстой юм.

-Онцгой дэглэм тогтоох хугацаа нь заавал зургаан сар байх ёстой юу?

-Хэрэв шаардлагатай бол онцгой дэглэмийг цуцалж болно. Хуульд зургаан сар хүртэл гэж заасан ч шаардлагатай бол цуцалж болно.

-Онцгой дэглэм тогтоосон үед санхүү, бүтэц гэм мэт ямар үйлдлүүдийг хийх ёстой байдаг юм бэ?

-Нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд биш тусгай журам тогтоодог. Тухайлбал, үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, Удирдах ажилтнуудыг шинээр томилж, өөрчлөх, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл дээр эрхтэй болох, цуцлах, цуцлахдаа нөгөө талын эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэр гаргах гэх мэт тодотголтой. Мөн үйлдвэрлэл, борлуулалт зэрэг асуудал онцгой журам тогтоож ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, ердийн үед биш илүү шуурхай, цаг алдахгүй байх зэрэг онцгой дэглэмээр ажиллана гэсэн үг.

-Тэгэхээр одоо 49 хувь талаас үл хамаараад Засгийн газар 100 хувь шийдвэрээ гаргаад явна гэсэн үг үү?

-Засгийн газар нь онцгой эрхтэй байна гэсэн утгатай. Засгийн газар өөрийнхөө эрхийг тодорхой албан тушаалтныг  нэрлээд шийдвэр гаргасан. Тэгэхээр тэр албан тушаалтнууд Засгийн газрын өмнөөс ажиллана гэсэн үг.

-Ер нь заавал онцгой дэглэм тогтоох шаардлага байсан юм уу. Өмнө нь ч олон ажлын хэсэг гараад зүгээр ажиллаж байсан шүү дээ?

-Бидэнд байгаа мэдээллээр ТУЗ нь шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, үйлдвэрийн ажиллагаа доголдоно гэдэг мэдээллийг үйлдвэрийн удирдлага өгч байгаа. Бидэнд олон маргаантай асуудлыг цэгцлэх шаардлага байгаа ч түүнээс өмнө үйлдвэрийн үйл ажиллгаа доголдохгүй байх нь чухал. Тиймээс Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд ийм шийдвэр гаргасан.

-Олон нийтийн зүгээс бол 49 хувь эзэмшигчидтэй холбоотой баривчилгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа гэж хараад байна?

-УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд тогтоол гаргасан. Эхний ээлжинд онцгой дэглэм тогтоогоод, УИХ-ын 23-р тогтоолд  тусгасан төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах чиглэл рүү яаралтай ажил хийхээр болсон. Удахгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас удахгүй Засгийн газарт оруулж ирэх байх. Төрийн өмчит компани болсон тохиолдолд ТУЗ-гүй болох гэх мэт дараа дараагийн шийдвэрүүд гараад явах байх.

-Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр болон Стандарт банк хоородын өрийн асуудал байгаа. Хүү нь өдөр өдрөөр л өсөөд байна. Засгийн газар энэ чиглэл рүү ямар ажил хийж байна вэ?

-Үйлдвэрийн удирдлага “Стандарт” банктай холбоотой асуудлаар ажиллаж байгаа. Аль болох эрсдэл багатай шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж