"Өнөөдөр хамгийн хурц шүд У.Хүрэлсүхийн араанд бий"

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

"Өнөөдөр хамгийн хурц шүд У.Хүрэлсүхийн араанд бий"

Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудад Ардчилсан нам байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргаж байгаагаа өнөөдөр /2019.03.06/ танилцууллаа.

Тус мэдэгдэлд  “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон, ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-гийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн даруй зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

АН нь 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "МАН өнөөдөр УИХ-д албан ёсоор 64, албан бусаар 66 суудалтай болсон. Тэд өнөөдөр хэнд ч хариуцлага тооцож боломжтойгоос гадна сонгуулиар амлалт өгсөн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжийг нь Монголын ард түмэн хангалттай өгсөн. Гэтэл ажил хийхэд АН саад болж байна гэж ярьж байна. Ийм суудалтай нам ажил хийж чадахгүй бол өөр хэн хийх юм бэ. Эрх баригч нам болоод У.Хүрэлсүх одоо ажлаа хий.  Сар бүр хэвлэлээр ярьдаг шигээ шударга ёсоо тогтоо. Шударга ёсоо хэрэгжүүлэхэд нь ямар ч саад алга. Энэ тохиолдолд АН халуун дотноор дэмжинэ. Харин эсрэгээрээ шударга ёс нэрийн дор хий хоосон популизм хийж нийгмийг үймүүлж давс цацаж хоосон улс төр хийх нь Монголын улс төрд ашиггүй. АН 1990 оныг ардчиллыг манлайлсан улс төрийн хүчин. Тиймээс ардчилал, хүний эрх, үнэт зүйлээ хамгаалахын төлөө АН хатуу зогсоно” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай  хариулт өглөө.

-Одоо албан тушаал хашиж буй АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тухайн үед Эрдэнэтийн 49 хувийг худалдах үйл явцыг зохион байгуулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Энэ асуудлаар намын удирдлагууддаа хариуцлага тооцохгүй юм уу?

-Гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэлд хариуцлага тооц гэдэг албан мэдэгдлийг бид өнөөдөр гаргаж байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг бид үзсэн.

Одоо бүлгийн дарга хийж байгаа Д.Эрдэнэбаттай холбоотой байр суурь байсан. Хэрэв Д.Эрдэнэбат эрүүгийн гэмт хэрэгт үнэхээр холбогдсон бол эрх баригч нам хариуцлага тооц. 66 суудалтай улс төрийн хүчин юуг ч хүлээлгүй өнөөдөр ч хариуцлага тооцох боломж нь бий. АН-ыг хайрлах шаардлага байхгүй. Манай нам ямар ч үед эрхзүйт төрийн хууль хэрэгждэг байх ёстой гэдэг байр сууриндаа хатуу зогсоно. АН-ын дарга байна уу, цэрэг байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй, шударга ёсыг талд бид байх болно.

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зөрчсөн гэх маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулж цагдаагийн байгууллага өчигдөр /2019.03.05/ гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатууллаа.Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?

Эрдэнэтийн асуудлын тухайд хууль, шүүхийн байгууллагуудаас бодитой мэдээлэл хийсний дараа нь бид байр сууриа илэрхийлнэ. Ямар ч луйвар, хулгайг АН өмөөрөхгүй, ард түмний эрх ашгийг нэгт тавих болно.  Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байна. Уг нь ЗГХЭГ-ын даргад  хуулиар оногдсон үүргийн хүрээнд маш олон хийх ажил бий. Гэвч Л.Оюун-Эрдэнэ энийг, тэрийг шоронд хийнэ, ийм гэмт хэргийг шалгана гэх мэт дандаа  гэмт хэрэг ярьдаг ийм албан тушаал бий боллоо. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ үнэхээр гэмт хэргээр мэргэшиж цаашид дагнан ажиллах хүсэлтэй байгаа бол ЦЕГ-ын дарга эсвэл Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга болговол илүү зохихоор харагдаж байна.

Хэн нэгэн албан тушаалтан хуульд оногдоогүй тухайн үүргээ сайн дураараа биелүүлж орой бүр хүмүүсийг яллаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдыг яллах ажил Л.Оюун-Эрдэнэд их зохиж байх шиг байна. Тиймээс эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг АТГ, УЕП-ын даргаар тавивал илүү олон хүмүүсийг яллах боломж нь бүрдэх байх.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь ажил хийхэд шүдгүй арслан шиг байна гэж хэлж байсан. Одоо бол өөрийн хүнээ УИХ-ын даргаар мөн  ЗГХЭГ-ын даргаар томилсон учраас нөхцөл байдал арай өөр болсон болов уу. Та бүхэн ч гэсэн үүнтэй санал нийлж байна уу?

-Эрх баригч нам өнөөдөр УИХ-д албан бусаар 66 суудалтай болсон. Дээрээс нь У.Хүрэлсүхийн  хамгийн сайн найз нь болох хамт казинод тоглодог найзыгаа УИХ-ын дарга болгочхоод одоо шүдгүй арслан шиг байна гэж яривал Монголд шүдтэй хүн байхгүйтэй адил. У.Хүрэлсүхэд өнөөдөр бүх эрх мэдэл нь байна. Нутгийн дүүгээ мөн ЗГХЭГ-ын даргаар хүртэл томиллоо. Өнөөдөр хамгийн хурц  шүд У.Хүрэлсүхийн  араанд бий. Үүгээрээ зажилж дийлэхгүй байгаа бол У.Хүрэлсүх явсан нь дээр.

-Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-2016 оны сонгуулиар өгсөн амлалтдаа  эрх баригч нам олон ЖДҮ-ийг барина гэж хэлж байсан. Мөн нийслэлийг бүх аймагтай автозамаар холбоно гэж амлалт өгсөн. Гэвч харамсалтай нь эдгээр амлалтын нэг нь ч биелээгүй. Хамгийн хариуцлагатай ажиллах ЗТХЯ, БСШУСЯ-ны сайд нар нь хэдэнтээ солигдлоо. Хоёр ч Засгийн газраа  солилоо.  Дээр нь нийслэлийн ажил  удирдлагагүйн улмаас хагас жил гацлаа. Олонхын бүлэг дотроо хуваагдаж төрийн ажлыг олон сар гацаалаа. Засгийн газар ажил хийж чадахгүй болохоороо орой бүр хүн ялладаг, нийгмийн сэтгэл зүйг хөөс рүү, бухимдал, гэмт хэрэг рүү чиглүүлж байгаа нь буруу. Сүүлийн гурван жил Монгол Улс доороо хий  эргэлээ. Эрх баригчдын хэрүүлтэй жилүүд байлаа. Энэ хэрүүлдээ АН-ыг чирч оруулж байгаа нь харамсалтай. Сөрөг хүчний ажлаа АН хангалттай хийсэн. Цаашид ч хийх болно. Эрх баригч намын амласан амлалтыг ажил хэрэг болгохын төлөө шаардана.

-Хаврын чуулганаар танай нам УИХ-д бүлэггүй болно. Ингэснээр зөвлөлийн статустайгаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Энэ тохиолдолд танай намын улс төрийн хүч саарч байна гэж ойлгож болох уу?

-Сулрах гэхээсээ илүүтэй АН  цул болж байна. Тооны олноос чанарыг чухалчилна. Худал хүмүүс нэг дор цугларснаас илүүтэй үзэл санаа нэгдмэл, үзэл баримтлалдаа хатуу зогсдог цөөхүүлээ байсан нь илүү дээр.

-УИХ-ын гишүүн Л.Болд албан ёсоор намаасаа гарсан уу?

-Л.Болд намаас гаръя гэдэг өргөдлөө өгсөн. АН-ын дүрмээр анх гишүүнчлэлээр  бүртгэж авсан байгууллага нь эхлээд шийдвэр гаргах ёстой. Л.Болд гишүүний асуудлаар намын холбогдох байгууллага хурлаа хийж тун ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Сар хүрэхгүй хугацааны дотор таны асуудлыг бүрэн дүүрэн шийднэ, тэгээд амар сайхандаа жаргаарай гэж Л.Болд гишүүнд хандаж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж