Монголчууд арилжаа наймаа хийж, орлого олохдоо ургаа хад шиг атлаа өмсөж зүүж, эдэлж хэрэглэхдээ уургын морь шиг болох нь манай улсын Африктай хийсэн худалдаанаас харагдаж байна. Хэдийгээр бид дайн дажин, өлсгөлөн, гуйланчлалтай нүүр тулсан энэ тивийн орнуудаас өөрсдийгөө дээгүүрт тавих гэж хичээдэг ч Монгол Улс худалдааны жим татуулсан Африкийн дийлэнх орноос алдагдал хүлээсээр. Зөвхөн цэнхэр дуулгатай, монгол эрсийн энхийг сахиулдаг Судан улстай хийсэн гадаад худалдаанаас л Монгол Улс ашиг олжээ.
2018 онд бид энэ тивийн орнуудаас нийт 12.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авч, төдий хэмжээний валютыг Африк руу урсгажээ. Тэгсэн атлаа хар тивийн орнуудад бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад ердөө 303 мянган ам.долларын орлого олсон байгаа юм. Ялангуяа, Алжир, Тунис, Египет, Камерун, Маврикий, Мозамбик, Өмнөд Африк, Свазиленд зэргээс Монгол Улс энэ тив дэх худалдааны хамгийн их алдагдлыг хүлээж, олохоос илүү зарлагадаж, зарцуулсаар байгаа юм. Монголд бараагаа зараад, багагүй мөнгө олчихож буй эдгээр улсын дунд монголчуудад төдий л танил биш, бараг нэрийг нь хүртэл сонсож байгаагүй орнууд бидэнтэй арилжаа наймаа хэдийн хийж, ам.доллар халаасалчихсан явна.
Тухайлбал, Египет улс өнгөрсөн онд манайд элсэн чихэр, саван, видео хянагч зэргийг зараад, гурван сая ам.доллар олсон бол бидний энэ улстай хийсэн худалдаанаас хүртсэн орлого үүнээс 10 дахин бага. 2018 онд Монгол Улс Египетэд жаахан ноолуур, бага хэмжээний малын өлөн гэдэс борлуулснаас өөр экспорт хийгээгүйг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно.
Цөөнгүй жилийн турш дайны хөлд үрэгдсэн Зааны ясан эрэг улс л гэхэд манайд наргил модны болон бразил самраа борлуулаад 0.5 мянган ам.доллар “тоншчихсон” бол нэр нь төдий л дуулддаггүй Свазиленд улс шоколад, какао зэргийг борлуулаад 4.6 мянган ам.долларын орлого Монголоос олжээ. Африкийн өмнөд хэсгийн энэ жижигхэн улс амттанаас гадна гоймон, банш, тавилга, бугуйн цаг зэргийг зараад 10 орчим сая ам.доллар олчихсон байхад монголчууд бид нэг ч бараа бүтээгдэхүүн борлуулаагүй байна. Ер нь Африкийн дийлэнх орон аль л экспортын боломжит бүтээгдэхүүнээ бидэнд борлуулах гэж хичээсэн байхад Монгол Улс эсрэгээрээ авахаас өөр үр дүн үзүүлээгүй нь хоёр талын худалдааны мэдээллээс харагдана.
Дээрээс нь харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг харахад ч ичмээр дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улс малын өлөн гэдэс, арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийг Африк тивд борлуулаад оронд нь наргил модны самар, кофе, ликёр, виски, какао, шоколад, элдэв төрлийн амттан зэрэг тансаг бүтээгдэхүүн худалдаж авдаг байна. Өөрөөр хэлбэл, бидний нийлүүлэлт түүхийгээр, тэдний борлуулалт нэмүү өртөг шингэсэн байгаа юм.
Харин Монгол Улсын ашигтай худалдаа хийж буй Судан улс 2018 онд манайхаас 64.8 мянган ам.долларын борлуулалт хийсэн нь сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тус улс Монголоос ашигласан дугуй, олгой, хаймар, толь, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги зэргийг худалдан авчээ.
Ер нь бид хийж бүтээхдээ хойрго атлаа хэрэглээ өндөртэй ард түмэн болох нь эндээс харагдаж байгаа юм. Сүүлийн 30 орчим жилийн турш Монгол Улс гадаад худалдаагаа өсгөхийг мөрөөдөж, Хятад, АНУ, Европын холбоо зэрэг том худалдан авагчаас орлого олох талаар олон жил ярьж байгаа. Гэтэл биднийг тэнгэрийн юм ярьж, сүрхий царайлж байх зуур Африкийн орнууд Монголоос орлого олсоор. Харин Африкийн орнуудыг худалдан авах чадвар сул, газар нутаг хол хэмээн үл тоодог Монгол Улс өөрөө алдагдал хүлээж, олсон орлогынхоо багагүй хэсгийг энэ тив рүү урсгасаар сууж буй нь харамсмаар.
Дээрээс нь тарчигхан атлаа тансаг хэрэглээтэй. Түүхий эдээ зарж олсон орлогоо дизель түлш, суудлын болон ачааны машинаас гадна үнэтэй гар утас, хувцас хэрэглэл зэрэг импортын тансаг бүтээгдэхүүнд тавиад туучихдаг нь үнэн. Импортыг үлэмж тэлдэг материаллаг хэрэглээг хэт шүтэх хандлага манайд ажиглагддаг. Улс орны түвшинд ч, иргэд ч олсноо банкинд хуримтлал үүсгэхгүйгээр олсныхоо хэрээр зардлаа өсгөж, хэрэглээгээ тэлдэг үрэлгэн зангаас болоод Монголоос гадагшлах валютын урсгал нэмэгддэг. Энэ нь төгрөгийн ханшийг сулруулахад хүргэж буйг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тухайлбал, Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдсан 2016-2018 оны хооронд Монгол Улсын импорт 70 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 40 орчим хувиар суларчээ.
Бүтээгч, үйлдвэрлэгч бус хэрэглэгч байхын сүүдэр нь энэ. Гадаад валютын улсын нөөцөө арвижуулах гэж ядаж байгаа манайх шиг улсын хувьд импорт чөлөө, завсаргүй өсөх нь үнэндээ хүсээд байх зүйл биш. Үүнд Хятад, ОХУ зэрэг гол түншүүдээс гадна Өмнөд Америк, Африк бусад зах зээлд ч багагүй нөлөөлж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, том зах зээлд бараа борлуулж, тэрбум тэрбумаар орлого олно хэмээн сэрүүн зүүдлэхийн оронд олдсон боломжоо дорвитой ашигласан бол бид хоёр талын худалдааны ашгаараа Африкийн доогуур орохгүй л байлаа.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН