Трампыг мөрдөн шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Трампыг мөрдөн шалгаж эхэллээ

Трампыг мөрдөн шалгаж эхэллээ

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооноос Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг томоохон хэмжээний мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, бизнесмен Евгений Пригожин, тэрбумтан Виктор Вексельберг нартай холбоотой асуудалд буруутгаж буй юм байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын төрийн тэргүүнийг авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ Конгрессийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Цагаан ордноос Трампын Путинтэй хийсэн хэлэлцээрийн тухай мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан байна.

Трампыг мөрдөн шалгах ажиллагааг АНУ-ын Ардчилсан намын Жеррольд Надлер тэргүүтэй, Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороо эрхлэн явуулах ажээ. Тус хорооноос Ерөнхийлөгч Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж үзэж буй юм байна. Парламентын мөрдөн шалгалтын хүрээнд Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороо 80 гаруй байгууллага, албан тушаалтнаас хүсэлт хүлээн авчээ.

Мөн Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо, Улсын шинэчлэлийн хороо, Олон улсын хэргийн хороо Цагаан ордны засаг захиргааны тэргүүнд хүсэлт явуулсан байна. Улмаар Трамп, Путин нарын хийсэн хэлэлцээний протоколыг устгах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Мөн тус хорооноос Трампыг огцруулах асуудлыг хөндсөн байна. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооноос илгээсэн захидлыг Трампын хүү Эрик, бага Дональд болон хүргэн Жаред Кушнер нар хүлээн авчээ.

Долоохон хоногийн өмнө Трампын өмгөөлөгч асан, татвараа нуун дарагдуулсан, банкны залилан хийсэн болон сонгуулийн хөрөнгийг хууль бусаар шамшигдуулсан гэх хэргээр шүүхийн хаалга татсан Майкл Коэн АНУ-ын Конгресс болон Дээд танхимын нээлттэй сонсголд оролцсон. Тухайн үед түүний хэлсэн үг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг мөрдөн шалгах нэг үндэслэл болжээ.

“ОРОСЫН ХАКЕРУУДААС МЯНГА МЯНГАН ЦАХИМ ШУУДАН ХУДАЛДАЖ АВСАН НЬ ҮНЭН”

Дээрх нээлттэй сонсголын үеэр Майкл Коэн Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, Хиллари Клинтон болон Ардчилсан намын лидерүүдийн мянга мянган хувийн цахим шууданг Оросын хакеруудаас худалдан авсан нь үнэн гэж мэдэгдсэн билээ.

Майкл Коэныг 2016 оны долдугаар сарын 18, 19-нд Доналд Трампын оффист байх үед түүний сонгуулийн кампанит ажлын зөвлөх Рожер Стөүн гэх хүн утсаар холбогдож, “WikiLeaks” сайтын үүсгэн байгуулагч Жуллиан Ассанжтай хувийн шугамаар холбогдсон, дээр дурдсан цахим шуудангуудыг авах боломж байна гэж Доналд Трамптай утсаар ярьсан. Тухайн үед Доналд Трамп Рожер Стөүнтэй ярихдаа гар утсаа чанга яригч буюу спикер дээр нь тавьсан байжээ.

Мөн Майкл Коэн 2006 оны үед Дональд Трамтай дотно харьцаатай байсан порно кино жүжигчин Сторми Даниэлст хувийн данснаасаа 130.000 ам.доллар шилжүүлсэнээ хэлсэн юм. Уг эмэгтэй 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамптай холбоотойгоо нийтэд ил болгоно гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан сүрдүүлсэн аж. Тиймээс Доналд Трамп Майкл Коэн болон түүний санхүүгийн зөвлөх Аллен Вессэлбэрг нарт Сторми Даниэлсын амыг таглах даалгавар өгчээ.

Энэ ажлынх нь шанд Доналд Трамп түүнд 2017 оны наймдугаар сарын 1-нд буюу Ерөнхийлөгч болж Цагаан ордонд очсоныхоо дараа хувийн данснаасаа 35.000 ам.доллар шилжүүлсэн байна. Тэрээр үүнийг нотлох баримт буюу банкны хуулгыг үзүүлсэн юм. Мөн Доналд Трамп “Playboy”-ын загвар өмсөгч Карен Макдоугал гэх эмэгтэйтэй дотно харилцаатай байсан бөгөөд түүний амыг таглахын тулд 150.000 ам.долларыг дээрхтэй ижил аргаар өгсөн байна.

Майкл Коэн “Доналд Трамп арьс өнгөөр ялгаварлагч, хүүхдүүдэд хайртай гэж үргэлж худлаа хэлдэг, эхнэр Мелания Трампыг цахилгаан шатан дотор зодсон бичлэгээ өөрийн нөлөө бүхий найзаараа устгуулсан. Доналд Трампын асуудлаа шийддэг нэг алдартай хэрэгсэл нь бусдыг сүрдүүлэх. Тэр сүрдүүлэг гэдэг валютаар асуудлаа шийдвэрлэдэг байсан. Би түүний тушаалаар 500 орчим хүнийг сүрдүүлж байсан” гэж хэлсэн билээ.

ЦАГААН ОРДОН: ТРАМПЫГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА НЬ ГУТАМШИГТАЙ ДОРОМЖЛОЛ

Цагаан ордноос Ерөнхийлөгч Доналд Трампыг мөрдөн шалгаж байгаа нь гутамшигтай доромжлол, АНУ-ын конгресс дэх Ардчилсан намын гишүүд ийм үйлдэл хийж байгаа нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Надлер гутамшигтай, доромжилсон мөрдлөг шалгалт эхлүүлээ. Энэ бол хоёр жил үргэлжилж буй Ерөнхийлөгч Трампыг Оростой хуйвалдсан гэсэн хуурмаг түүх нь нуран унах вий гэсэн ардчилагчдын айдас. Үүгээрээ тэд Америкийг социалист орон болгох, хүүхдүүдийг төрсний дараа хөнөөх, Америкийн ажлын байруудыг үгүй хийж, дампууруулах “шинэ гэрээ”-ний хэргээс олны анхаарлыг холдуулахыг оролдож байна” гэж хэлжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүн Жеррольд Надлер “Трамп бол хараат бус прокурор Роберт Мюллерийн мөрдөх ажиллагааг “шулмын ангуучлал” гэж хэлсээр ирсэн. Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Жеймс Комиг ажлаас нь халсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг хамгаалах гэж оролдсон. Энэ үйлдлүүд нь бүх зүйл хуулийн дагуу, үнэн зөв явахад саад болсон” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийг нь мөрдөн шалгах ажиллагааны талаар “Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны мөрдөн шалгах ажиллагаа нь конгрессийн гишүүдтэй харилцах харьцааг минь таслах шалтгаан болохгүй” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BBC, Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж