"Музейн нээлттэй өдрийг олон хоногоор зарлавал үзмэрт аюултай"

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

"Музейн нээлттэй өдрийг олон хоногоор зарлавал үзмэрт аюултай"

"Музейн нээлттэй өдрийг олон хоногоор зарлавал үзмэрт аюултай"

Үнэт олдвор ихтэй музейн дэргэдүүр үе үе гардаг ч орох сэдэл  төрөлгүй удаж.  Харин “Музейн нээлттэй өдрүүд”-ээр үнэгүй музей амжиж үзэхээр Монголын Үндэсний түүхийн музей”болон Чойжин ламын сүм музейг зорилоо. Харамсалтай нь,  хожимдсон байв. "Музейн нээлттэй өдөр" өмнөх жилийнх шигээ долоо хоног үргэлжилсэнгүй, ердөө гурав хоногт болж өнгөрчээ. Чөлөөт цагаа түүхэн цаг хугацаагаар аялж, ахуй соёлтойгоо танилцахаар Үндэсний түүхийн музейд ирсэн залуус  төлбөртэй үйлчилнэ гэснийг дуулаад сэтгэл гонсгордуу гарч яваа харагдсан. Гэсэн ч энэ өдрүүдэд музейн эл хуль танхим олны хөлд дарагдаж, хүүхэд багачуудын цангинасан дуу хуур, инээд хөөрөөр бялхаж,  жаврыг үргээх шиг болж байна.

 Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг  “Музейн нээлттэй өдрүүд” болгохоор журамласан. Энэ дагуу улсын хэмжээнд бүх музей үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Хоёр дахь жилдээ хэрэгжсэн нээлттэй хаалганы өдрүүд энэ сарын 1-3-н хүртэл үргэлжлэхдээ 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх журмыг мөрдлөг болгов. Ихэнх музей өглөө 09.00-04.30 цаг хүртэл  оройтлоо гэхэд 18.00 цаг хүртэл ажиллаж, хаалгаа дангинатал түгжсэн нь бас гайхал төрүүлнэ. Хичээлийн цаг нь тараагүй сурагчид болон ажлын цаг нь дуусаагүй залууст бол музей үзнэ гэж бодохын ч хэрэггүй аж. Үүнд музейн зүгээс өөр,өөр тайлбар хэлж байна.

Монголын Үндэсний түүхийн музейд нээлттэй хаалганы өдрүүдээр 12230 үзэгч зочилжээ. Ажлын өдрүүдэд оюутан сурагчид музейн гол үйлчлүүлэгчид байсан бол амралтын өдрүүдээр ачаалал эрс ихэсч зургаан мянга орчим иргэн үндэсний түүх соёл, зан заншилтай танилцсан аж. Ялангуяа гэр бүлээрээ музей үзэх хүмүүс олон байжээ.

МУЗЕЙ БОЛ ДЭЛГҮҮР, ЗООГИЙН ГАЗАР БИШ

Монголын Үндэсний түүхийн музейн Боловсрол, олон нийттэй харилцах маркетингийн албаны дарга Ц.Оюунхишигээс дараах зүйлийг тодрууллаа.

– Энэ жил “Музейн нээлттэй өдрүүд”-ийг гурван хоног зохион байгуулсан шалтгаан нь юу вэ?

 -Бидний зүгээс “Музейн нээлттэй өдрүүд”-ээр цагийн хуваарийн дагуу 09.00-18.00 цаг хүртэл ажилласан. Боловсрол соёл, шинжлэх ухааны спортын яам болон музейн удирдлагууд ярилцаж зөвлөлдсөний дагуу гурван хоног байхаар шийдвэрлэлээ. Учир нь энэ жил бүх музей улсын тооллоготой байгаа. Музейн зүгээс сан хөмрөг, үзмэрээ тоолоход гол анхаарлаа хандуулсан үед “музейн нээлттэй өдрүүд” давхцаж таарлаа.

 

-Нээлттэй хаалганы өдрөөр 0-10 насны хүүхдэд үйлчлэхийг хориглосон нь ямар учиртай байв?

-Ханиад томууны дэгдэлтээс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгоор 0-10 насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байхыг сануулсан. Бүр хориглоогүй гэсэн үг. Хэдийгээр ийм сануулга байсан ч амралтын өдрүүдээр эцэг эх, залуу хос гэр бүлээрээ бага насны хүүхэдтэй музей үзэх нь их байлаа. “Үнэгүй” гэдэг утгаараа энэ арга хэмжээ маш том идэвхжүүлэлт боллоо. “Музейн нээлттэй өдрүүд” нь  хүүхэд залууст өв соёлоо танин мэдэх, музейн боловсрол олгох зэрэг олон талын ач холбогдолтой боловч сөрөг тал бас бий. Манай музейн тухайд барилгын чанар бусадтай харьцуулбал сайн. “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм музей” зэрэг багтаамж багатай сүм музейд нэг дор олон хүн цуглах нь барилга муудахаас эхлээд үзмэрийн аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг нөлөө их. Музей бол дэлгүүрт бараа өрсөн газар биш шүү дээ. Яг ийм байдлаар л хүмүүс хандаж байна. Дийлэнх нь зүгээр л ороод гарч байна. Цөөхөн хүн шимтэн үзэж байна.

Нээлттэй өдрийн хоног нь цөөхөн болохоор ийм сөрөг нөлөө байгаагүй. Хэрвээ долоогоос дээш хоногоор “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулбал үзмэрт аюултай. Музей нь өөрөө үзмэр учраас түүх соёлын дурсгалыг агуулж байдаг тул олны хөлд гэмтэх эрсдэл их. Нээлттэй хаалганы өдрүүдийг бүх музей боломж бололцоогоороо зохион байгуулалттай хүн хүчээ нэмж ажиллалаа.

-Энэ жил хэчнээн үзэгчтэй байв?

– Энэ жилийн үзэгчдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бага. Өнгөсөн жил хоног нь урт байсан учраас зөвхөн манай музейд гэхэд 80 мянга орчим хүн үйлчлүүлсэн. Статистик мэдээллээс харвал, хүүхдүүдээс илүү насанд хүрэгчид  музейтэй илүү танилцаж байна. Үүнээс гэр бүлээрээ амралтын өдөр музей үзэх хандлага их байна гэсэн дүгнэлтийг бид хийлээ.

Бүх музей ихэнх нь 09.00-16.30 цаг хүртэл ажиллаж байгаа нь оройн цагаар ажил, сургууль нь тардаг хүмүүст хүртээлгүй болж байна. Уртасгасан цагаар ажиллах боломжтой юу?

– Бид оройн цагаар буюу уртасгасан цагаар ажиллаж туршиж үзсэн. Гурван жилийн өмнө орой 20:00 цаг хүртэл ажиллахад музей үзэх хүн байгаагүй. Хий дэмий л ашиглалтын зардал гарсан. Тиймээс хуучин цагийн хуваарьтаа орсон.  Бүх музей өвөл болон зуны цагийн хуваарийн дагуу ажилладаг. Бид тавдугаар сарын 15-аас зуны цагийн хуваариар ажиллана. Энэ өдрүүдэд ажлын цаг өглөө 09.00-17.00 цаг хүртэл бүх өдрүүдэд ажилладаг. Өвөл долоо хоногийн хоёр өдөр амарна. Музей бол зоогийн газар биш. Өөрийн байгууллагын дотоод журамд ч бас бий

                               ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХАНДСАН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Тус музейгээс гарч 110 жилийн түүхтэй “Чойжин ламын сүм музей”-гээр зочилбол гадаадын жуулчдаас өөр хүмүүс байхгүй нам гүм байлаа. “Музейн нээлттэй өдрүүд”-ээр тус музейд гурван хоногт найман мянга орчим хүн үйлчлүүлсэн бол хамгийн ачаалалтай үе нь амралтын өдрүүд байжээ. Энэ сарын 3-нд гэхэд 4800 иргэн тус музейн түүх соёлтой  танилцсан байна. Музейг үнэ төлбөргүй үзэх хугацаа өнгөрсөн ням гаригт дууссан бөгөөд насанд хүрэгчид 8000, оюутан 2000, хүүхэд 1500 төгрөгөөр тус тус үйлчлүүлэх боломжтой.

Тус музей нь өвлийн цагийн хуваариар буюу10.00-16.30 цаг хүртэл ажилладаг. Музейн менежер н.Баярзул “Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсч үлдсэн цөөхөн сүмийн нэг нь Чойжин ламын сүм музей. Музейн ажилчид  16.30 цагт хамгийн сүүлчийн үзэгчдээ хүлээн авч, түүхэн дурсгалт таван хийдээр аялуулж, музейн үзмэрийг танилцуулахад цаг орчим болдог. Эртний түүхэн дурсгалт сүм хийдээс музей болсон учраас манайх бусдаас онцлог. Задгай орчинд үзмэрүүд байдаггүй учраас аюулгүй байдлын үүднээс мөн харанхуй болдог зэрэг байгалийн үзэгдлээс хамаараад эрт үүдээ барьдаг. Энэ жил “Музейн нээлттэй өдрүүд” гурван хоног болж өнгөрлөө. Журамд гуравдугаар сарын эхний долоо хоногт гэж   заасан тул энэ жил ажлын тав хоногийн сүүлчийн өдөр баасан гаригт гуравдугаар сарын 1-ний өдөр тохиосон.  Ингээд бүтэн сайн өдрөөр нэг долоо хоног дуусч байгаа тул гурван хоног зохион байгуулсан гэсэн үг. Бид энэ жил үзэгчдийг музейгээр аялуулахдаа дотоод зохион байгуулалтыг маш сайн хуваарилж, хамгаалалтын хүч нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гараагүй. “Чойжин ламын сүм музей” нь  хүүхэд залууст өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор орон нутагт хүрч ажилладаг. Энэ жил 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Музей үзэж буй хүүхдүүдийн тухайд “үнэгүй” биш байгаад сэтгэл дундуур байсан. Тэдний хувьд  музей уртасгасан цагаар буюу 20.00 цаг хүртэл ажиллавал илүү хүртээмжтэй байхыг хэлсэн юм. Бага ангийн сурагчид музейг сэтгэл догдлон үзэж байхад ахлах ангийнхан болон оюутнууд хичээлийн дагуу үзэж танилцдаг, чөлөөт цагаараа үзэж сонирхдоггүй гэдгээ нуугаагүй. Мөн дотоод орчны засварын ажилд анхаарах шаардлагатай байгааг зарим нь шүүмжилж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж