УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Төслийг дэмжих нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн санаачлан 2014 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн аж.
2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталснаар олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль, тогтоомжийн биелэлтэд хүний эрхийн чиглэлээр хяналт тавьж, судлан дүгнэх үүрэгтэй үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комиссыг 2001 онд байгуулжээ. Сүүлийн 14 жилийн турш нэмэлт, өөрчлөлт, ямар нэгэн засваргүйгээр хэрэгжүүлж ирсэн энэхүү хуульд "НҮБ-ын Парисын зарчмуудаар баталгаажуулсан наад захын зарим хэм хэмжээг хуульчлаагүй” хэмээн олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж ирсэн, мөн өнөөдөр гарч байгаа хүний эрх зөрчсөн үйлдэл нь дээрх хуульд өөрчлөлт оруулах үндсэн шалтгаан болж буй аж. Тиймээс дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилт болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, түүний биелэлтэд хяналт тавьдаг хүний эрхийн асуудал эрхэлсэн үндэсний байгууллагын эрх зүйн үндсийг сайжруулж, хариуцлагын тогтолцоог өндөрсөнө. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж өгөхийн зэрэгцээгээр хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгон олон улсын стандарттай нийцүүлж байгаагаараа ач холбогдолтой аж. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал гарахгүй юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хууль хяналтын байгууллага нь хүний эрхийг зөрчсөөр байгаа тухай хөндлөө. Тухайлбал, нэг иргэнийг хүний амины хэрэгт буруутган 45 хоног хэтрүүлж хорьсон байсан аж. Мөн хэрэгт холбоотойгоор асуух тодруулах зүйл байна гэж хэлээд хорьдог зэрэг үйлдэл гардаг юм байна. Гэвч Хүний эрхийн үндэсний комисс нь тэр бүгдэд хүрч ажиллах боломж бага. Комисс нь ердөө гурван гишүүнтэй, харин өнгөрсөн жилээс аймаг бүрт нэг хүн томилж ажилуулах шийдвэрийг УИХ-ын дарга манлайлан гаргаж, ажил хэрэг болгосноор их хэрэг болж буй аж. Хэдийгээр ийм нааштай хандлагууд бий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас “Сэжигтэн, яллагч нартай зөвхөн ХЭҮК-ийн гишүүн л уулзана” гэсэн шаардлага тавьдаг болсон нь бэрхшээл учруулж байна гэдэг асуудлыг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хөндлөө.
Тэрээр “Филиппин улсад болсон олон улсын хуралд оролцоод ирэх хооронд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга манай хүмүүсийг “Сэжигтнүүдтэй уулзуулахгүй, дээрээс зөвхөн Комиссын гишүүнийг уулзуул” гэдэг шаардлага тавьсан гэсэн байсан. Энэ тохиолдолд ХЭҮК-ийн гурван гишүүн л жижүүрлээд суухаас аргагүй. 15 жилийн түүхэнд гараагүй ийм юм болсон. Дээрх асуудалтай холбоотойгоор Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай утсаар ярьсан, албан бичиг илгээсэн. Удахгүй энэ асуудлыг хүсэлтийн дагуу шийдэж өгнө хэмээн найдаж байна” гэлээ.
Эцэст нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ