Смоленскийн орчим осолдсон Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн Ту-154 онгоцны багийнханд шахалт үзүүлсэн байна. Польшийн TVN 24 сувгаар үзүүлсэн онгоцны багийн бүхээг дэх ярилцлагын бичлэгт энэ нь тодорхой байлаа.
Нисэх багийн ярианы бичлэгийг тайлахад “хэрэв бид (би) буухгүй бол тэр (намайг) ална” гэж багийн дарга Аркадиуш Протасюк хэлж байжээ. Өмнө нь ярианы энэ хэсгийг уншигдахгүй байна гэж мэдэгдсэн байлаа. TVN 24 телевиз мэдээлэхдээ энэ бичлэгийн тухай мэдээллийг албан бус эх сурвалжаас авсан гэсэн байлаа.
Өмнө нь мэдээлснээр Катынийн гашуудлын ёслолд Польшийн төлөөлөгчид хожимдож байсан учир нисэх багийнхныг албадан буулгахаар шахсан байж магадгүй гэсэн хувилбарыг гарч байв. Онгоцны хар хайрцгийн бичлэгт ийм нөхцөлд бууж болохгүй гэж байсан багийн нэгэн гишүүний яриа бичигдсэн байв.
Мөрдөн байцаалтын явцад онгоцны багийн бүхээгт ГХЯ-ны дипломат протоколын албаны дарга Мариуш Казана, Польшийн Нисэх хүчний ерөнхий командлагч генерал Анджей Блазик хоёр байсан нь бичлэгээс тогтоогдсон юм. Эхлээд Оросын мөрдөн байцаагчид ослын буруутан нь нисгэгчид гэсэн бол Польшийн тал осолд Оросын диспетчерүүдийг буруутгасан билээ. Хожим Польшийн мөрдөн байцаагчид осолд нисэгч нар буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байлаа.
Амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский хамгийн сүүлд осолд шинэ онгоц худалдан авахаас татгалзсан Польшийн Засгийн газар ямар нэгэн хэмжээгээр буруутай гэсэн байна.